Монгол Ардын Намын орон даяар хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Улсын газар зүйн төв цэгт оршдог Өвөрхангай аймгийн Бүрд сумын гишүүд, дэмжигчидтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын Засгийн газрын тусгай эрхт төлөөлөгч С.Далхаасүрэн, Монгол Ардын намын УЗАА-ны Хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Дэжидмаа нараар ахлуулсан ажлын хэсэг оролцож, Бүрд сумын иргэд, гишүүд, дэмжигчидтэй нээлттэй уулзалт хийв.

Уулзалтаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилга, Засгийн газрын шийдвэрүүд болон хэрэгжүүлж буй онцлох ажлуудыг танилцуулж, Монгол Ардын намын гишүүн төвтэй E4 стратеги, Enam 3.0 платформын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Мөн гишүүд, дэмжигчдийн санал хүсэлтийг сонсож, тулгамдсан асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв. E4 стратеги нь намын анхан шатны байгууллагыг бэхжүүлэх, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг ил тод, хэмжигдэхүйц болгож, хариуцлага, эргэх холбоог сайжруулахад чиглэдэг. Харин Enam 3.0 платформ нь гишүүн бүр хаанаас ч санал хүсэлтээ илгээж, оролцоогоо үнэлүүлэн, үр дүнд хүргэх боломжтой орчин үеийн цахим шийдэл юм.

Ажлын хэсгийнхэн энэ үеэр намын ахмад гишүүдийн гэрээр зочлон хүндэтгэл үзүүлж, Монгол Ардын намын дарга Н.Учрал, Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарын мэндчилгээг уламжиллаа. Иргэд, намын гишүүдийн дуу хоолойг сонсож, бодит хэрэгцээ шаардлагад тулгуурласан шийдвэр гаргах нь “Ардын нам-Ард түмэндээ” аяны гол зорилго юм.







