Монгол Ардын намаас орон даяар өрнүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамцаар ахлуулсан баг Монгол Ардын намын даргын зөвлөх Г.Дашням болон холбогдох албаны хүмүүс сумын намын гишүүд, дэмжигчидтэй уулзаж, ярилцлаа.

Уулзалтад 80 орчим хүн оролцож, сумынхаа өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид юу хийх шаардлагатай талаар нээлттэй санал солилцов. Намын гишүүдийн зүгээс уулзалт, үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, гишүүдийн оролцоог идэвхжүүлэх хэрэгтэй гэсэн санал хүсэлт илэрхийллээ.

Бор-Өндөр сум нь мал аж ахуйгаас илүү үйлдвэрлэл, уул уурхайн чиглэл давамгайлсан, Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийг түшиглэн хөгжсөн томоохон суурин юм. Жонш, төмрийн хүдрийн орд газруудын төвлөрөл бүхий энэ бүс нутагт уул уурхайг дагасан баяжуулах үйлдвэрүүд олноор үйл ажиллагаа явуулж, олон аймаг, орон нутгаас ирсэн залуус ажиллаж, амьдарч байна.
Албан ёсны бүртгэлээр 10 мянга орчим иргэнтэй ч ростерийн системээр ажилладаг хүмүүс, гадаадын иргэд болон албан бус суурьшилтай хүмүүсийг тооцвол бодит хүн ам нь 13 мянгад хүрч байгаа талаар уулзалтад оролцогчид хэлж байв. Гэтэл Орон нутгийн хөгжлийн сангийн төсөв нь 2,000 орчим хүн амтай сумдынхтай ижил түвшинд байгаа нь бодит ачаалалтай нийцэхгүй байгааг хөндлөө.
Иргэдийн хамгийн их ярьсан асуудал нь эрчим хүч байлаа. Үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, хүн амын өсөлттэй хамт цахилгаан эрчим хүчний хэрэгцээ нэмэгдэж байгаа учраас тасралтгүй, найдвартай хангамжийг шийдвэрлэх шаардлагатайг олон хүн онцолсон юм.

Иргэд, намын гишүүдийн дуу хоолойг сонсож, бодит хэрэгцээ шаардлагад тулгуурласан шийдвэр гаргах нь “Ардын нам-Ард түмэндээ” аяны гол зорилго юм.





