Бодлогын хороодын салбар хэлэлцүүлгээр бүс нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг хэлэлцлээ

Админ

2026.09.19
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын Удирдах ажилтны Хангайн бүсийн зөвлөгөөний үеэр “Гишүүн төвтэй нам Е4 стратеги”, “Нийгмийн хамгаалал”, “Инновац, бүтээмж”, “Бүс нутаг”, “Эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээ, хүртээмж” гэсэн таван чиглэлээр салбар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр гишүүд, дэмжигчдийн санал хүсэлт, бүс нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг сонсож, бодлогын шийдлийг тодорхойлон, 2027, 2028 оны шат шатны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах санал, зөвлөмжийг боловсруулахад чиглэх аж.

Салбар хэлэлцүүлгийн хүрээнд:

- Бүс нутгийн хөгжил: Дэд бүтэц, эрчим хүч, авто зам, логистик, боловсруулах үйлдвэрлэл, мал аж ахуйн хөгжил, орон нутгийн эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв.

-Эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээ, хүртээмж: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангах чиглэлээр санал, зөвлөмж дэвшүүллээ.

-Нийгмийн хамгаалал: Сургуулийн орчин дахь хүүхдийн эрх, аюулгүй байдал, залуу малчдын гэр бүлийн асуудал, ахмад настнуудын нийгмийн оролцоо, харилцааг сайжруулах асуудлыг хэлэлцэв.

-Инновац, бүтээмж: Бизнесийн орчин, үйлдвэрлэлийн кластерын хөгжлийг дэмжих, мал аж ахуйд цахим бүртгэл, шинжлэх ухаан, технологи нэвтрүүлэх, гарааны бизнесийн экосистемийг бүрдүүлэх чиглэлээр санал, шийдлүүдийг тодорхойлов. Мөн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулах, орон нутгийн үйлдвэрлэгчдийг төрийн худалдан авалтад дэмжих, залуу бизнес эрхлэгчдийн санхүүжилтийг нэмэгдүүлэх асуудлыг онцоллоо.

-Гишүүн төвтэй нам – Е4 стратеги: Гишүүн төвтэй намын үзэл баримтлалын хүрээнд цахим бүртгэл, мэдээллийн нууцлал, гишүүдийн оролцоог сайжруулах, Е-Нам 3.0 системийг хөгжүүлэх, анхан шатны байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах чиглэлээр санал дэвшүүлэв.

Монгол Ардын Намын удирдах ажилтны Хангайн бүсийн зөвлөгөөний салбар хэлэлцүүлгүүдээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн хэлэлцэж, цаашдын бодлого, үйл ажиллагаа болон мөрийн хөтөлбөрт тусгах асуудлыг тодорхойлоход чиглүүлж байна.