Монгол Ардын Намын Удирдах зөвлөлөөс Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан нийслэлийн есөн дүүргийн 204 намын хорооны гишүүдэд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг Хүй долоон худагт гурав дахь өдрөө зохион байгуулж байна.
Өнөөдөр тус арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хорооны 500 гаруй гишүүнийг хүндэтгэн хүлээн авлаа.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга Ж.Ганбаатар, Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн, Баянгол дүүргийн МАН-ын хорооны дэд дарга БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа болон намын бусад удирдлагууд оролцов.

Арга хэмжээг Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар нээж, Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг нийт намын гишүүдэд дэвшүүлэн, Монгол Ардын Намын дарга Н.Учралын баярын мэндчилгээг уламжиллаа.

Мөн тэрбээр Монгол Ардын Намын даргын бодлого, "Ардын нам-Ард түмэндээ" аяны үр дүн, Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, томоохон шинэчлэлийн талаар танилцуулж, сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн, улс орны хөгжлийг дэмжих бодлогын ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байгааг онцоллоо.
Энэ хүрээнд:
✅ Стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлийг сайжруулж, зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулан, 2037 оноос авах байсан ногдол ашгийг энэ оноос хүртэх боломжийг бүрдүүлсэн.
✅ Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулж, нефтийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
✅ Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлж, тэтгэврийн зөрүүг бууруулан, олон жил ажилласан иргэн илүү өндөр тэтгэвэр авах боломжийг бүрдүүлсэн.
✅ "Чөлөөлье" санаачилгын хүрээнд татварын тогтолцоог шинэчилж, бизнесийн хүнд суртлыг бууруулах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.
✅ Эрчим хүчний салбарт томоохон шинэчлэлийг эхлүүлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, шинэ эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулах төслүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо.

Түүнчлэн Монгол Ардын Намын "Ардын нам-Ард түмэндээ" аяны хүрээнд 19 аймаг, 338 сумдад ажиллаж, иргэд, намын гишүүдийн санал хүсэлтийг сонссон бөгөөд E-NAM 3.0 стратегийн хүрээнд намын гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг эхлүүлж, 320 мянган гишүүнийг нэгдсэн цахим системд бүртгэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгааг танилцууллаа.

Арга хэмжээний үеэр Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хорооны нэр бүхий гишүүдэд Төрийн одон, медаль, салбарын болон Монгол Ардын Намын шагналыг гардуулж, намын үйл хэрэг, улс орны хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, идэвх зүтгэлийг нь үнэлэн шагнаж, урамшууллаа.
Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны гишүүдэд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ долоодугаар сарын 8-13-ны өдрүүдэд Хүй долоон худагт үргэлжилнэ.













