Монгол Ардын Намын Удирдах зөвлөлөөс Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан нийслэлийн есөн дүүргийн 204 намын хорооны гишүүдэд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг Хүй долоон худагт гурав дахь өдрөө зохион байгуулж байна.
Өнөөдөр тус арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хорооны 1500 гишүүнийг гурван удаагийн зохион байгуулалтаар хүндэтгэн, хүлээн авч уулзана.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн, Баянгол дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, тус дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, намын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Жавзандорж, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа болон намын бусад удирдлагууд оролцов.

Арга хэмжээг Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар нээж, Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг нийт намын гишүүдэд дэвшүүлэн, Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын мэндчилгээг уламжиллаа.

Мөн тэрбээр Монгол Ардын Намын даргын бодлого, "Ардын нам-Ард түмэндээ" аяны үр дүн, Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, томоохон шинэчлэлийн талаар танилцуулж, сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн, улс орны хөгжлийг дэмжих бодлогын ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байгааг онцлов.

Түүнчлэн Монгол Ардын Намын "Ардын нам-Ард түмэндээ" аяны хүрээнд 19 аймаг, 338 сумдад ажиллаж, иргэд, намын гишүүдийн санал хүсэлтийг сонссон бөгөөд E-NAM 3.0 стратегийн хүрээнд намын гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг эхлүүлж, 320 мянган гишүүнийг нэгдсэн цахим системд бүртгэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгааг танилцууллаа.

Арга хэмжээний үеэр Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хорооны нэр бүхий гишүүдэд Төрийн дээд одон, медаль, салбарын болон Монгол Ардын Намын шагналыг гардуулж, намын үйл хэрэг, улс орны хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, идэвх зүтгэлийг нь үнэлэн шагнаж, урамшууллаа.
Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны гишүүдэд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ долоодугаар сарын 8-13-ны өдрүүдэд Хүй долоон худагт үргэлжилнэ.








