Баруун бүсийн таван аймгийн намын хороод үйл ажиллагааны тайлан танилцуулна

Админ

2026.10.17
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын Удирдах ажилтны “Баруун бүсийн зөвлөгөөн” өнөөдөр /2026.10.17/ баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн Ховд хотод болж байна.

Зөвлөгөөнд Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, бүс хариуцсан нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сангийн сайд З.Мэндсайхан болон УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, УИХ-ын гишүүн Э.Болормаа, УИХ-ын гишүүн Х.Жангабыл, УИХ-ын гишүүн О.Саранчулуун нар оролцож байна.

Мөн баруун бүсийн аймгуудын МАН-ын хорооны дарга, удирдах ажилтнуудаас бүрдсэн 800 гаруй төлөөлөл оролцож байгаа юм.

Баруун бүсийн зөвлөгөөнийг Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нээж үг хэлж байна. Үргэлжлүүлэн МАН-ын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг илтгэл танилцуулна.

Мөн Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс аймгийн МАН-ын хорооны дарга нар бүс нутгийн нөхцөл байдал, намын үйл ажиллагаа, цаашдын зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга хийх юм.

Тухайлбал, Ховд аймгийн МАН-ын хорооны дарга М.Ганзориг, Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны дарга Б.Сүхбаатар, Завхан аймгийн МАН-ын хорооны дарга бөгөөд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Увс аймгийн МАН-ын хорооны дарга Б.Одгэрэл нар орон нутгийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл, хөгжлийн зорилтын талаар танилцуулна.

Нэгдсэн хуралдааны үеэр намын удирдлага, орон нутгийн төлөөллүүд оролцсон асуулт, хариултын хэсэг зохион байгуулагдаж, бүс нутгийн хөгжил, иргэдийн хэрэгцээ, тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх бодлого, шийдлийн талаар санал солилцоно.

Мөн зөвлөгөөний хүрээнд намын гишүүнчлэл, хүний нөөц, манлайлал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, инновац, бүтээмж, бүс нутгийн хөгжил, нийгмийн болон төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах асуудлаар таван сэдвийн хүрээнд салбар хэлэлцүүлгүүд өрнөж, нэгтгэсэн зөвлөмж хүргэлээ.

“Баруун бүсийн зөвлөгөөн” нь аймгуудын намын байгууллагуудын үйл ажиллагааг дүгнэхээс гадна орон нутгийн хөгжлийн бодлого, иргэдийн хэрэгцээ шаардлага, бүс нутагт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, цаашдын үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлох чухал ач холбогдолтой юм.