Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос нийслэлийн гишүүд, дэмжигчдэдээ зориулан Засгийн газар, УИХ-аас авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаарх бодит мэдээллийг цаг тухайд нь хүргэх зорилгоор 14 хоног тутамд зохион байгуулдаг уулзалтын 30 дахь нь өнөөдөр /2026.06.09/ Тусгаар тогтнолын ордонд боллоо.

Уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир оролцож байгаль орчны салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, хийж хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилтын талаар танилцуулав.
Мөн байгаль орчны салбарын асуудлыг ямар хууль эрх зүйн орчинд зохицуулдаг, одоогоор үйлчилж буй хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт байгаль орчны бодлого хэрхэн тусгасан зэрэг албаны мэдээллийг өглөө.
Хүн бүрийг байгаль хамгаалагч байлгах хандлагыг төлөвшүүлэхийн тулд байгалийн нөөц, баялгийг нөхөн сэргээх, орчны бохирдол, доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, нэгдмэл удирдлага бүхий ногоон хөгжлийн загварыг бий болгох нь тус яамны үндсэн зорилго гэдгийг сайд Ц.Сандаг-Очир хэллээ.

Ахмадуудын төлөөлөл асуулт, санал хүсэлтээ хэлэхдээ Богдхан уулын амуудыг алхах, агаарлахад иргэдэд нээлттэй болгох, газрын доорх бус дээрх баялгаа ашиглах, уул уурхайн нөхөн сэргээлт, хариуцлагын асуудлыг илүү хөндөж байлаа.
Уулзалтад Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Социал Демократ Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар оролцов.








