Багануур дүүргийн МАН-ын хороонд  Е4 стратеги болон мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцууллаа

Админ

2026.05.04
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, намын Удирдах зөвлөлийн дэргэд байгуулсан бодлогын хороодын Нарийн бичгийн дарга нар болон Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газар өнгөрсөн долоо хоногоос эхлэн нийслэлийн есөн дүүргийн намын хорооны удирдах ажилтнуудтай уулзалт зохион байгуулж байна.

Нийслэлийн төвийн Хан-Уул, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Монгол Ардын намын хороодод өнгөрсөн долоо хоногт ажиллаж удирдах ажилтан, гишүүд, дэмжигчидтэй уулзсан бол энэ долоо хоногт нийслэлийн захын Багануур, Налайх, Багахангай дүүрэгт ажиллана.

Багануур дүүргээс өнөөдрийн /2026.05.04/ эхний уулзалт эхэллээ. Тус дүүргийн уулзалтад 90 орчим гишүүд, дэмжигч оролцсон бөгөөд уулзалтын эхэнд Багануур дүүргийн Монгол Ардын намын хорооны тэргүүлэгч Б.Балжинням дүүрэгтээ хийж, хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн зорилго зорилтын хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн юм.

Дараа нь Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг “Гишүүн төвтэй Е4 стратеги”-ийн талаар танилцуулахын зэрэгцээ намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өгч,  уулзалтад ирсэн гишүүд, удирдах ажилтны асуусан асуултад тодорхой хариулт өглөө.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны бодлогын хорооны Нарийн бичгийн дарга С.Өлзийжаргал намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өгсөн юм. Энэхүү уулзалтад бодлогын хороодын Нарийн бичгийн дарга нар, Нийслэлийн Монгол Ардын намын хорооны дэд дарга Х.Алтаншагай оролцож байна.

Гишүүд, дэмжигчдийн хувьд Багануур дүүргийг хотын статустай болгох, ипотекийн зээлийн хүртээмжийг захын дүүргүүд рүү нэмэх асуудлыг богино хугацаанд шийддэг болгохыг хүслээ. Мөн Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын “Чөлөөлье” санаачилгыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа.

Энэ үеэр дүүргийн дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн гээд бүхий л салбарт хэрэгжиж буй хөтөлбөрийн талаарх мэдээллийг сонссон юм.