Ахмад гишүүд тэтгэврийн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна

Админ

2026.06.26
Үйл явдлын мэдээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамцаар ахлуулсан баг, Монгол Ардын намын Бага хурлын гишүүн Г.Дашням болон холбогдох албаны хүмүүсийн хамт ажиллаж, гишүүн төвтэй E4 стратеги, Ерөнхий сайдын санаачилсан “Чөлөөлье” аяны зорилго, хэрэгжиж буй бодлогын талаар танилцууллаа. 

Уулзалтаар тэтгэврийн шинэчлэл, тэтгэвэрт гарах иргэдийн нөхөн олговор, үнийн өсөлт, өр зээлийн дарамтын талаар олон санал гарсан юм. Тухайлбал:  Намын ахмад гишүүн Д.Наранцэцэг тэтгэврийн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа.

Харин намын гишүүн Ж.Бат-Өлзий иргэдийн эрүүл мэндийг илүү анхаарах, тамхины хэрэглээг бууруулах тамхины хяналтын тухай хуулийг дэмжих шаардлагатайг онцлов. Намын гишүүн Б.Гэрэлээ залуу Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд, намын шинэ үеийн төлөөлөлд итгэж байгаагаа илэрхийлж, залуучууд намд шинэ салхи авчирч байгааг хэлсэн юм.

Тус сумын иргэд бодлого, шийдвэр нь хурдан хэрэгжиж, нүдэнд харагдаж, гарт баригдах үр дүн гарвал төр, намд итгэх итгэл нэмэгдэнэ гэдгийг онцолж байлаа.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэд, намын гишүүдтэй хийсэн уулзалт амьдралын бодит асуудал, цаашдын боломжийн талаар нээлттэй ярилцаж өндөрлөлөө.

Энэ үеэр намын ахмад гишүүд О.Мядагмаа, Ш.Халтар, Ө.Балдандугар нарын гэрээр зочилж, хүндэтгэл үзүүлэн, Монгол Ардын намын даргын мэндчилгээг уламжиллаа.

Мөн Хэрлэнтооно багийн иргэдийн нийтийн хуралтай таарч, Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэхээр төлөвлөж буй автомашин засварын төвийн төсөлтэй танилцлаа. Дэлгэрхаан сумын нутаг дахь Аварга тосон нуурыг зорих дотоодын аялагч, амрагчдын тоо жилд 6,000-7,000 хүрдэг учраас энэхүү төсөл нь аялагчдад хэрэгтэй үйлчилгээ бий болгохын зэрэгцээ орон нутгийн ажлын байр, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Иргэд, намын гишүүдийн дуу хоолойг сонсож, бодит хэрэгцээ шаардлагад тулгуурласан шийдвэр гаргах нь “Ардын нам-Ард түмэндээ” аяны гол зорилго юм.