Архангай аймгийн Өлзийт сумын МАН-ын хорооны гишүүд сургалтад хамрагдлаа

Админ

2026.05.07
Үйл явдлын мэдээ

Архангай аймгийн Өлзийт сумын Монгол Ардын намын хорооны дарга, дэд дарга, тэргүүлэгч, тус сумын ИТХ-ын төлөөлөгчид Тусгаар тогтнолын ордны танхим, газар, хэлтсүүд, дэргэдэх байгууллагын үйл ажиллагаатай өнөөдөр /2026.05.07/ танилцаж, тодорхой чиглэлүүдээр сургалтад хамрагдлаа.

Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Б.Галсан сургалтын хөтөлбөр, зорилго, оролцож буй төлөөллүүдийн талаар эхлээд танилцуулав. Энэ нь намын дунд, анхан шатны байгууллагын төлөөллийг Тусгаар тогтнолын ордны танхим, газар, нэгжүүдтэй танилцуулах, намын хөтөлбөр, бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээллээр хангах зорилготой богино хэмжээний сургалт юм.

Мөн Монгол Ардын намын дарга Н.Учралын саяхан танилцуулж нээсэн намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй харилцааны шинэ соёлыг хангасан  ENAM 3.0 платформын талаарх мэдээллийг Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Б.Галсан өгч, санал бодлоо солилцлоо.

Дараа нь УИХ-ын гишүүн М.Энхцэцэг “Айл өрхийн нарны систем” сэдвээр Архангай аймгийн Өлзийт сумын намын хорооныхонд танилцуулга хийв. Тэрбээр эрчим хүчний салбарын судлаач эрдэмтний хувьд аймаг орон нутагт зохион байгуулж буй сэргээгдэх эрчим хүчний үзэсгэлэнд түүчээлэн оролцож, энэ талаарх УИХ-ын тогтоол, журмыг танилцуулахаас гадна сэргээгдэх эрчим хүч ашиглаж хэрхэн хэмнэлт хийх, мөн илүүдэл цахилгаанаа сүлжээнд зарж орлого олох боломжийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байгаа билээ.

Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний нөөцөө түшиглэн түлш шатахуун, тог цахилгааны импортын хараат байдлаас айл өрхүүдээ чөлөөлөхөөр зорьж буй. Оны эхэнд нарны хавтангаар тог, дулаанаа шийдсэн 68 айлыг төвийн системд холбож эхэлсэн бөгөөд энэ жилдээ 10 мянган айлын цахилгаан хангамжийг дээшлүүлэх ийм зорилт тавьж байгааг УИХ-ын гишүүн М.Энхцэцэг онцлов.

Архангай аймгийн Өлзийт сумынханд намын дэргэдэх Улс төрийн манлайллын академийн тэргүүлэх сургагч Б.Батжаргал намын дунд, анхан шатны удирдлагуудад зориулсан улс төрийн манлайллын “Бүтээхүй” сэдвээр сургалт орлоо. Энэ хүрээнд улс төрийн үзэл баримтлал, соёл, ёс зүй, ирээдүйн ур чадварууд, нийгмийн инновацын төслүүдийг хэрэгжүүлэх талаар оролцогчид санал бодлоо солилцов.

Мөн намын Цахим хэвлэлийн хэлтсийн улс төрийн ажилтан Д.Бямбадорж цахим орчинд зөв, ёс зүйтэй, үр дүнтэй ажиллах боломжууд, энэ талбарт хувийн хаяг, пэйж хуудсаа хөгжүүлэх болон халдлагаас хамгаалах аргуудын талаар заавар зөвлөгөө өглөө.