"Ардын нам-Ард түмэндээ” аяныг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд зохион байгуулав

Админ

2026.06.25
Үйл явдлын мэдээ

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын баг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд ажиллаж, сумын намын гишүүд, дэмжигчид болон иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын хорооны дарга бөгөөд аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, аймгийн Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Хөдөө аж ахуйн газар, Нийгмийн даатгалын газрын удирдлагууд, Бүрэнтогтох сумын Монгол Ардын намын дарга А.Эсмэдэх болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Тус уулзалтад Бүрэнтогтох сумын 180 гаруй намын гишүүн, дэмжигч оролцож, Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, орон нутгийн хөгжилд чиглэсэн арга хэмжээ, цаашдын зорилт, төлөвлөгөөний талаар мэдээлэл сонслоо.

Мөн МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 стратеги, “Чөлөөлье” санаачилга, e-NAM 3.0 платформын зорилго, ач холбогдлын талаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат мэдээлэл хийж, намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, иргэдтэйгээ илүү ойр, нээлттэй, шуурхай ажиллах боломжийн талаар танилцууллаа.

Уулзалтын үеэр иргэд сонгогчдын зүгээс Баянхошуу, Туяа, Их-Уул багийн нутгаар урсах Дэлгэрмөрөн гол дээр хөвдөг гүүр барих асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай талаар онцлон дурдлаа.

Зуны улиралд Дэлгэрмөрөн гол үерлэх үеэр тус багийн иргэд ялангуяа, Туяа багийн иргэд эмнэлгийн тусламж, төрийн үйлчилгээ авахад хүндрэл үүсэж, аймгийн төвөөр 80 гаруй км тойрон зорчих шаардлагатай болдог тул иргэдийн амьдралын чанар, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, орон нутгийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс хөвдөг гүүрний асуудлыг шийдвэрлэх нь нэн чухал байгаа талаар санал, хүсэлтээ хэллээ.

Түүнчлэн орон нутгийн намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг дэмжих, иргэдтэй тогтмол ажиллах нөхцөлийг сайжруулах хүрээнд шаардлагатай автомашины асуудлыг уламжиллаа.

Мөн Бүрэнтогтох сумын намын хорооны ахмад настан Ж.Пүрэвжал, Т.Жавзандолгор гуайнд зочилж, МАН-ын дарга Н.Учралын мэндчилгээг уламжлан, санал хүсэлтийг нь сонслоо.