Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас улс орон даяар зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аян Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд үргэлжлэв.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг, Говьсүмбэр аймгийн Монгол Ардын намын хорооны төлөөлөл болон албаны хүмүүс намын гишүүдтэй уулзалт хийж, Монгол Ардын намын Е4 стратеги, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлж буй “Чөлөөлье” санаачилга, мөн намын үйл ажиллагааг илүү нээлттэй, хүртээмжтэй болгох Enam 3.0 платформын талаар гишүүдэд танилцууллаа.

Энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас эмч, багш нарын цалингийн ойлгомжгүй байдлыг арилгаж, нэмэгдсэн цалингаасаа нэмэгдэл тооцдог болсон, найман төрлийн 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөлсөн, энэ оныг дуустал түлш шатахууны үнийн огцом өсөлтийн эрсдэлийг чөлөөлсөн, Оюутолгойн өгөөж ”Рио Тинто”-той хийсэн эхний хэлэлцээрээр менежментийн төлбөрийг 2 дахин бууруулсан зэрэг ажлууд хийгдсэн болохыг онцлов.

Мөн уулзалтад оролцсон намын гишүүд орон нутгийн хөгжил, ажиллах хүчний оролцоо болон суманд тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо илэрхийлэв. Намын гишүүд, дэмжигчдийн санал, хүсэлтийг сонсож нээлттэй харилцан ярилцлаа.
Намын гишүүдийн үе үеийн төлөөлөл, намынхаа бодлого, үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлэв.










