Монгол Ардын намын орон даяар өрнүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд МАН-ын Бага хурлын гишүүн Г.Түвдэндорж, аймгийн намын хорооны дэд дарга А.Дашбатаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 22-нд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажиллаж, намын гишүүд, дэмжигчид болон иргэдтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр Монгол Ардын намын бодлого, үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлж буй хууль тогтоомжууд, Засгийн газрын хэрэгжүүлж буй томоохон төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.
Мөн Монгол Ардын намаас хэрэгжүүлж буй “Гишүүн төвтэй Е4 стратеги”, “Цахим нам 3.0” зэрэг шинэчлэлийн хөтөлбөрүүдийг танилцуулж, намын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дотоод ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр санал асуулга, судалгаа авч, сургалт хэлэлцүүлэг зохион байгуулав.
Аяны хүрээнд намын ахмад гишүүдэд хүндэтгэл үзүүлж, Монгол Ардын намын дарга Н.Учралын мэндчилгээг уламжлан, тэдний санал бодол, зөвлөмжийг сонссон юм.
Уулзалтад оролцсон иргэд, намын гишүүд амьжиргааны нөхцөл, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудын талаар санал хүсэлтээ идэвхтэй илэрхийллээ. Тухайлбал, тэтгэврийн хэмжээ ахмад настнуудын амьдралын хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа тул тэтгэврийн тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай байгааг онцлов.
Мөн хууль бус уул уурхайн үйл ажиллагаанд хатуу хяналт тавих, иргэдийн татварын ачааллыг бууруулах, намын залуучуудын оролцоо, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх чиглэлээр бодитой арга хэмжээ авах шаардлагатай талаар саналаа уламжилсан байна.


