“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Баян-Адарга сумын гишүүд, дэмжигчидтэй уулзлаа

Админ

2026.06.27
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн Ч.Анар, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга, Хэнтий аймгийн МАН-ын хорооны дарга Г.Хэрлэнчулуунаар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн Баян-Адарга суманд ажиллалаа.

Ажлын хэсэг сумын иргэд, намын гишүүд, дэмжигчид болон ахмад гишүүдийн төлөөлөлтэй уулзаж, орон нутагт тулгамдаж буй асуудал, төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжилт, намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааны талаар санал солилцож, иргэдийн байр суурийг сонсов.

Уулзалтад МАН-ын Технологи, инновацын бодлогын хорооны нарийн бичгийн дарга С.Мөрөн болон орон нутгийн намын байгууллагын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого, Монгол Ардын Намын “Е-4” стратеги, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлж буй “Чөлөөлье” санаачилга, намын үйл ажиллагааг илүү нээлттэй, хүртээмжтэй болгох E-Nam 3.0 платформын талаар мэдээлэл өгсөн юм.

Ахмад гишүүдийн төлөөлөл тэтгэвэр, ахмад настнуудын амьжиргаа, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг түлхүү хөндөж, тэтгэврийн шинэчлэл, нэмэгдлийн хэрэгжилтийг иргэдэд ойлгомжтой, бодитой, шуурхай хүргэх, ахмад настнуудын нийгмийн баталгааг сайжруулах шаардлагатайг онцоллоо.

Мөн намын дээд түвшинд үүсээд буй асуудлын талаар үнэн зөв, нээлттэй мэдээлэл хүргэх, намын эв нэгдэл, хариуцлага, сахилга батыг бэхжүүлэх нь чухал гэсэн саналыг ахмад гишүүд илэрхийлж байлаа.