Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг тэргүүтэй баг Завхан аймгийн Дөрвөлжин суманд ажиллаж, намын 80 гаруй гишүүнд Засгийн газрын шийдвэр болон Монгол Ардын намын бодлого, намын дарга Н.Учралын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилга, E4 стратеги, Enam 3.0 платформын талаар мэдээллийг өглөө.

Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Завхан аймгийн Монгол Ардын намын хорооны улс төрийн ажилтан Ц.Золзаяа нар Дөрвөлжин суманд ажиллах үеэрээ идэвх зүтгэлтэй, салбартаа тэргүүлэгч гишүүдэд шагнал гардуулж, намын ахмад гишүүдийн гэрээр зочлон хүндэтгэл үзүүлэв.
Нутгийн иргэд таван хошуу малын түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, тухайн бүсийн онцлогт тохирсон аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого гаргах зэрэг саналуудыг уламжиллаа.







