“Ардын нам-Ард түмэндээ” аян Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгонд үргэлжиллээ

Админ

2026.06.28
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын орон даяар хэрэгжүүлж буй “Ардын нам -Ард түмэндээ” аяны хүрээнд ажиллаж буй ажлын хэсэг өнөөдөр /2026.06.27/ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгонд ажиллаж, намын гишүүд, дэмжигчид болон иргэдтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уулзалтад МАН-ын Бага хурлын гишүүн Г.Түвдэндорж, Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн МАН-ын Хорооны Тэргүүлэгч Г.Бат-Орхон, аймгийн МАН-ын Хорооны дэд дарга Б.Мөнхбат, МАН-ын дэргэдэх Стратеги академийн улс төр судлаач Р.Янжиндулам болон ажлын хэсгийн төлөөлөл оролцов.

Тэд Монгол Ардын Намын бодлого, үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, улс орны хөгжил, цаашдын зорилтын талаар мэдээлэл өгч, иргэдийн санал, хүсэлт, байр суурийг сонсон нээлттэй хэлэлцлээ.

Мөн уулзалтад Сайхан сумын МАН-ын Хорооны дарга Л.Ганбаатар, сумын намын хорооны дэд дарга Ч.Баяраа, намын Тэргүүлэгчид, идэвхтэн гишүүд, дэмжигчид болон иргэд өргөнөөр оролцож, орон нутагт тулгамдаж буй асуудал, цаашдын бодлого, үйл ажиллагааны талаар санал бодлоо илэрхийлэв.

Уулзалтын үеэр оролцогчид сонирхсон асуултаа чөлөөтэй тавьж, санал солилцон, ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энэ үеэр 11 иргэн Монгол Ардын Намд шинээр элсэж, намын гишүүний батламж, энгэрийн тэмдгээ гардан авлаа. Ажлын хэсгийнхэн болон орон нутгийн намын удирдлагууд шинээр элссэн гишүүдэд баяр хүргэж, амжилт хүслээ.

“Ардын нам-Ард түмэндээ” аян Сэлэнгэ аймгийн баруун таван суманд үргэлжилж байгаа бөгөөд ажлын хэсэг Орхон, Сант сумдад ажиллаж, намын гишүүд, дэмжигчид болон иргэдтэй хийх уулзалтаа үргэлжлүүлнэ.