“Ардын нам-Ард түмэндээ” аян Дорноговь аймгийн Сайншанд суманд үргэлжиллээ

Админ

2026.06.29
Үйл явдлын мэдээ

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Галбадрахаар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймгийн Сайншанд сум болон Зүүнбаян багт ажиллаж, Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчид, орон нутгийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа. 

Уулзалтад 500 гаруй намын гишүүн оролцож, санал хүсэлт, байр сууриа илэрхийлсэн юм. Уулзалтын үеэр Монгол Ардын Намын сүүлийн 10 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, нийгэм, эдийн засгийн өсөлт, гадаад хамтын ажиллагааны үр дүн, МАН-ын E4 стратеги, ENAM 3.0 цахим системийн талаар мэдээлэл хүргэж, гишүүдийн санал бодлыг сонсов. 

Намын гишүүдийн зүгээс Зүүнбаян баг 5,000 гаруй хүн амтай болсон хэдий ч өнөөдрийг хүртэл багийн статустай хэвээр байгаа нь орон нутгийн хөгжил, төрийн үйлчилгээний хүртээмжид хүндрэл учруулж байгааг онцлон, “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай” хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, Зүүнбаян багийн эрх зүйн статусыг шинэчлэх асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг илэрхийллээ.

Мөн гишүүд Монгол Ардын Намын удирдлагууд эв нэгдэлтэй, нэг зорилгын төлөө хамтран ажиллаж эхэлснийг сайшааж, энэ нь намын үйл ажиллагаа, гишүүдийн итгэл үнэмшил, оролцоонд эерэг нөлөө үзүүлж байгааг онцлон тэмдэглэлээ. Уулзалтын үеэр орон нутгийн хөгжил, иргэдийн оролцоо, намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцож, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.