Монгол Ардын намаас санаачлан улс орон даяар хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Булган аймгийн Хялганат тосгонд намын гишүүд, дэмжигчид болон иргэдийн төлөөлөлтэй хийх уулзалт, ярилцлага зохион байгуулав.
Арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, СДМЭХ-ны Хойд бүс хариуцсан нарийн бичгийн дарга О.Үүрийнтуяа, аймгийн Намын хорооны дэд дарга Т.Баярбат, Хялганат тосгоны захирагч П.Отгондаваа нар оролцож, орон нутгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн зорилт, мал аж ахуй, боловсрол, эрүүл мэнд болон дэд бүтцийн чиглэлээр тулгамдаж буй асуудлуудын талаар иргэдийн санал бодлыг сонслоо.
Өндөр настан М.Дэжидсүрэн төрийн үйлчилгээний цахим шилжилт орон нутагт төдийлөн хүртээмжтэй биш байгааг онцлов. Цахим систем ашиглах мэдлэг, боломжгүй иргэдэд заавар, дэмжлэг хангалтгүй байгаа нь үйлчилгээ авахад хүндрэл үүсгэж байна. Иймд иргэдэд зөвлөгөө, туслалцааг нэмэгдүүлж, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулах шаардлагатай байгааг дурдлаа.
Түүнчлэн Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 хөгжлийн бодлого, “Чөлөөлье” үндэсний санаачилга, намын үйл ажиллагааны шинэчлэлийг дэмжих зорилгоор нэвтрүүлж буй Enam 3.0 платформын талаар танилцуулж, шинэчлэлийн бодлого, зорилтыг гишүүд, дэмжигчдэд дэлгэрэнгүй мэдээлэв.











