“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяраар ахлуулсан УИХ-ын гишүүн Б.Уянга, Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Л.Энхболд, Баяндалай сумын Монгол Ардын намын хорооны дарга Г.Буманцэнд, Стратеги академийн эрдэм шинжилгээний ажилтан С.Оролмаа нарын бүрэлдэхүүнтэй баг Баяндалай суманд энэ сарын 21-нд ажиллав.
Баяндалай сумын Монгол Ардын намын хороо 200 гаруй гишүүн, дэмжигчтэй. Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, гадаад харилцаа, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Манай баяндалайчууд Монгол Ардын намын үнэнч, шударга гишүүд эвийн халуун сэтгэлтэй зон олон байдаг. Монгол Ардын намын Удирдах зөвлөлөөс шийдвэр гаргаж, 21 аймаг 330 суманд “Ардын нам- Ард түмэндээ” аян зарласан. Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаар Н.Учрал дарга “Ардын нам ард түмэндээ эргэж ирнэ” гэж мэдэгдсэн. Ардын нам эхлээд гишүүд, дэмжигчдэдээ эргэж ирэх ёстой. Ардын намыг нэг мод гэж үзвэл үндэс нь намын анхан шатны байгууллагын гишүүд та бүхэн маань юм. Монгол Ардын нам эв нэгдэлтэй, гишүүд дэмжигчид итгэлтэй байх үедээ сонгуульд ялдаг.
Монгол Ардын намыг өнгөрсөн 10 жил засаглахдаа юу хийсэн бэ гэсэн асуулт их ирдэг. Тиймээс та бүхэндээ өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Улсад ямар бүтээн байгуулалт өрнөсөн талаар мэдээлэл хүргэе” гэсэн юм.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг дөрөв дахин тэлж, эрчим хүч 700 МВТ-аар нэмэгдэж, 250 гаруй цэцэрлэг шинээр бий болж, гадаад харилцаанд итгэлцэл бий болсныг Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр статистик мэдээлэлд үндэслэн тайлбарлав.

УИХ-ын гишүүн Б.Уянга өнгөрсөн хугацаанд болон одоо ажиллаж буй хуулийн төсөл, хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар баяндалайчуудад танилцуулав.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан тэтгэврийн шинэчлэлийн талаарх хуулийн төслийг УИХ хэлэлцэхийг дэмжсэн билээ. Тэгвэл энэ хуулийн төсөл батлагдсанаар “Ажилласан жил, тэтгэврийн хэмжээнээс нь хамаарч 100.000–300.000 төгрөгийн баталгаат тэтгэврийг ахмадуудад олгож, 504.000 ахмадын тэтгэвэр дунджаар 215.000 төгрөгөөр нэмэгдэж, 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүү арилах шууд үр дүн гарна. Илүү олон жил ажиллаж, илүү их шимтгэл төлсөн иргэн илүү өндөр тэтгэвэр авдаг тогтолцоог бүрдүүлнэ гэдгийг онцлов.
Уулзалтаар Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Л.Энхболд аймагтаа хийж байгаа болон цаашид хийхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрөө танилцуулсан юм. Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хороо “Гишүүдээ сонсъё” аяныг өрнүүлжээ. Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хороо “Тэрбумтан Өмнөговьчууд” төсөл боловсруулж, аймгийн ИТХ-д өргөн барьж, батлуулахаар гарын үсэг цуглуулж байгаа юм байна. Энэ төсөл хэрэгжсэнээр “Нутгийн дэм” хөтөлбөрт малчид, оюутнуудыг хамруулж, тэднийг санхүүгийн эрх чөлөөнд хүргэхээр тусгасан байна.

Ийнхүү “Ардын нам-Ард түмэндээ” орон даяар өрнөж буй аяны хүрээнд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяраар ахлуулсан баг энэ сарын 13-21-нд Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо, Цогт-Овоо, Номгон, Хүрмэн, Даланзадгад, Баяндалай гэсэн есөн суманд ажиллаж, намын гишүүд, дэмжигчид, иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонслоо.










