Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2024-2028 онд зорьж хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Атар IV”, “Шинэ хоршоо” гэсэн томоохон дөрвөн төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2026.10.06/ цугласан ахмадуудад танилцууллаа.

Энэ нь МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос 14 хоног тутамд зохион байгуулж, УИХ болоод Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй бодит ажлуудын талаарх цаг үеийн мэдээллийг өгдөг уулзалтын 34 дэх нь юм.

Уулзалтад МАН-ын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Социал Демократ Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар оролцлоо.

Засгийн газрын зүгээс эдийн засгаа төрөлжүүлэх бодлого баримталж байгаа бөгөөд тэр дундаа хөдөө аж ахуйн салбарыг дэмжсээр байна.
Тодруулбал, энэ жил стратегийн хүнсний нөөц буюу 100 мянган тонн улаанбуудайн нөөц, 12 мянган тонн төмс, хүнсний ногооны нөөцийг анх удаа бүрдүүлэх болон бусад арга хэмжээнд зориулж 150-200 орчим тэрбум төгрөгийг энэ оны төсвийн тодотголоор шийдвэрлүүлэхээр хүлээж байгаа юм.

Төсвийн тодотголыг УИХ-аар баталж, дээрх арга хэмжээг Засгийн газраас хэрэгжүүлснээр хүн амын хүнсний хэрэгцээний голлох нэр төрлийн барааны нөөцийг бүрдүүлж, үнэ тогтворжих, ирэх жилийн инфляцын өсөлтөөс сэргийлэх бүрэн боломж бүрдэнэ гэж салбарын сайд үзэж байна.
Мөн энэ салбарт сүүлийн үед гараад буй ямааны годрон өвчний тархалт, авч буй хариу арга хэмжээний талаар мэдээлэв. Өвчний тархалтыг хилээр хууль бусаар нэвтрүүлснийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоож, ямааны годронгийн вакцин үйлдвэрлэх ажлыг эхлүүлжээ.

Уулзалтад оролцсон ахмадуудын зүгээс малаа үнэн зөв тоолдог болох, бод малын тоо буурч буйд анхаарах, малыг амьдаар экспортлохгүй байх, дотоодод борлуулж буй болон гадаад руу гаргаж буй махны үнэ хэт ялгаатай байгаад анхаарахыг хүсэж байлаа.







