Улаанбаатар хотын намын хороо хэмээн эсгий гэрт туурга тусгаарлаж, тулгандаа галаа асааж байсан Нийслэлийн Монгол Ардын Намын хороо өдгөө 204 хорооны намын хороо, 534 үүр, 66 мянга гаруй гишүүнтэй болон өргөжиж, 97 жилийн ойтойгоо золгож байна. Түүхэн энэ хугацаанд Нийслэлийн намын хороо ачааны хүндийг үүрэлцэж, намынхаа зүрх, тархи, ажлын ихийг нугалах гол зүтгүүр нь байсаар ирсэн. Тиймээс ч Монгол Ардын намын ололт амжилт, алдаа оноо нь Нийслэлийн Монгол Ардын Намтай салшгүй холбоотой байдаг. Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны 37 дахь даргаар Долгорсүрэнгийн Сумъяабазар сонгогдон ажиллаад дөрвөн он улирчээ. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн Монгол Ардын нам гурван шатны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, цахим нам болох сууриа тавьж, намын анхан шатны байгууллагын бүтцийн шинэчлэлийг хийж, үүсэл, түүх нэгтэй МАХН-тайгаа нэгдэн, нэгэн цул хамт олон эргэн бүрдлээ. Энэ бүгд намын мянга мянган эгэл жирийн гишүүний итгэл, үнэмшил, хүч, оролцоо, идэвх, зүтгэлээр бий болсон амжилт юм. Тиймээс ч Нийслэлийн Монгол Ардын Нам 2022 оныг “Хүний нөөцийн хөгжүүлэлтийн жил” болгон зарлаад байна. Нийслэлийн намын түүх бол Улаанбаатар хотын хөгжлийн түүх билээ. Цар тахал, ковидын улмаас бүтээн байгуулалтын ажил явах боломж, бололцоо хомс байсан хэдий ч УИХ, Засгийн газрын дэмжлэгтэйгээр нийслэлийн удирдлагууд хууль, эрх зүйн шинэчлэлийг хийж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг батлав. Улмаар Улаанбаатар хот хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулалт татах, бие даасан эдийн засагтай болох, ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг бодитоор дэмжих, бүтээн байгуулалтыг даацтай хийх хууль, эрх зүйн суурийг тавьж чадлаа. Мөн УИХ-д анх удаа Улаанбаатар хотын хөгжлийнбодлого эрхэлсэн Түр хороо байгуулагдаж, нийслэлээс улсад татан төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийг хотдоо үлдээж, авто замын түгжрэлийг цогцоор нь шийдэхэд зориулах зоримог шийдвэрүүд гарлаа. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүндрэл, бэрхшээлийг даван туулж, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээхийн төлөө УИХ, Засгийн газар, нийслэлийн удирдлагууд “Нэг баг” болон хичээн ажиллаж буй. Цар тахалтай хамгийн түрүүнд нүүр тулж, хамгийн хүнд цохилт хүртэж буй нийслэл хотын эдийн засгийг хурдан хугацаанд сэргээх нь улс төрийн шийдэл, шийдвэрүүдтэй ч холбогдоно. Энэ түүхэн чухал цаг үед нэг баг болж Нэг зорилго, Нэг ирээдүйн төлөө хамтдаа хийснээ дүгнэн ярилцаж, цаашид бүтээхээ төлөвлөхөөр Та бид хөгжлийн дараагийн шат руу хөл тавих Шинэ алхмыг хийж байна.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.