Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар ХКН-ын Төв хорооны урилгаар БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд 2025 оны тавдугаар сарын 15-ны өдөр Шанхай хотын Намын хорооны орлогч дарга Жү Жунминтэй уулзав.
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар ХКН, МАН хоорондын уламжлалт найрсаг харилцааны хүрээнд намын Ерөнхий Нарийн Бичгийн даргын хувиар БНХАУ-д айлчилж, мөн үеэр ХКН-ын өлгий нутаг, Хятад Улсын олон улсын худалдаа, эдийн засаг, техник, технологийн хөгжлийн гол төв болсон Шанхай хотод зочилж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Мөн тэрбээр хоёр улсын төр, засгийн тэргүүн нарын стратеги удирдлага дор хоёр улсын харилцаа өргөжин тэлж, бүхий л салбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцлон тэмдэглэв. Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий сайдын Шанхай хотод хийсэн ажлын айлчлалын үеэр Шанхайн талтай тохирсон Улаанбаатар хот, Шанхай хот хооронд харилцаа тогтоох, Улаанбаатар-Шанхайн хооронд шууд нислэгтэй болох зэрэг ажлууд бодит биеллээ олж хэрэгжиж буйд Монголын тал сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв.
Цаашид Улаанбаатар, Шанхай хот хооронд хот төлөвлөлт, хотын нэгдсэн удирдлага хяналтад ухаалаг технологи нэвтрүүлэх, нийтийн тээврийг ухаалаг шийдэлтэй уялдуулан хөгжүүлэх зэрэг хотын иргэдийн амьдралын чанарыг сайжруулах чиглэлд Монголын тал хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Шанхай хотын намын хорооны орлогч дарга Жү Жунмин Монгол, Хятад нь уул усаар холбогдсон мөнхийн хөрш бөгөөд хоёр улсын эрх баригч намуудын найрсаг хамтын ажиллагаа, хоёр улсын Төрийн тэргүүний стратеги удирдлага чиглэл дор талууд урт хугацааны тогтвортой, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж байгааг онцлон тэмдэглэв.
Шанхай хотноо зохион байгуулагддаг Хятадын олон улсын импортын үзэсгэлэнд Монгол Улс өндөр түвшинд идэвхтэй оролцож ирсэнд талархал илэрхийлж, цаашид илүү олон Монголын аж ахуй нэгж уг экспогоор дамжуулан өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ Шанхайн зах зээлд нэвтрүүлэхийг Хятадын тал дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Түүнчлэн Шанхай, Улаанбаатар хооронд шууд нислэгтэй болж буй энэ үед хоёр улсын аялал жуулчлал, залуучууд солилцоо, хүмүүнлэг хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа онцолж, Шанхай хотноо зохион байгуулагддаг олон улсын хиймэл оюн ухааны форумд Монголын төлөөлөл ирж оролцохыг урив.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.