70001921
info@nam.mn
Мэдээ

МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн Цай Читай уулзав

Админ
2025/05/17

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөгчид Хятадын Коммунист намын урилгаар 5 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг Хятадын Төрийн ёслол хүндэтгэлийн “Дяо Юйтай” ордонд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар ХКН, МАН нь 100 гаруй жилийн түүхтэй улс төрийн хүчнүүд бөгөөд хоёр улсын хөгжилд нам хоорондын нөхөрсөг хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлж ирснийг онцлон тэмдэглэв. Мөн намын залгамж халааг авч явах залуу боловсон хүчний солилцоог сэргээж, шилдэг 100 залууг БНХАУ-ын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, ололт амжилттай танилцах боломжийг олгосон ХКН-ны Төв хороонд талархал илэрхийлж, ирэх онд Хятадын 100 залууг Монгол Улсад айлчлахыг урив.

Мөн тэрээр, хоёр улсын төрийн тэргүүн нарын стратеги удирдлага дор Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт идэвхтэй хөгжиж байгаа бөгөөд хоёр улсын хооронд олон жил  яригдсан томоохон бүтээн байгуулалтын ажил, төсөл хөтөлбөрүүд сүүлийн үед эрчимтэй урагшилж, бодит үр дүнд хүрч буйд монголын тал сэтгэл хангалуун байгааг тэмдэглэв.  

Монгол, Хятадын хооронд 76 жилийн дараа хоёр дахь төмөр замын хил холболтыг хийж байгаа нь хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, нүүрсний экспортын биет хэмжээ буруулахгүй байх, цаашлаад хоёр улсын эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч эдийн засгийн дараагийн шатны голлох салбарын хамтын ажиллагаанд эерэг үр дүн авч ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Дараагийн ээлжинд Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг төмөр замаар холбох ажлыг үе шаттайгаар эхлүүлэх саналыг уулзалтын үеэр хятадын талд  дэвшүүлэв. 

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатартай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, нам хоорондын найрсаг харилцаа нь улс хоорондын хөгжлийн чухал үндэс суурь болдог болохыг онцлон тэмдэглэж, нам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд залуучуудын солилцоо, харилцан айлчлалыг тогтмол хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.  

Түүнчлэн хятадын тал хоёр улсын төрийн тэргүүн нарийн түвшинд нэгдсэн ойлголцолд хүрсэн ажлуудыг бодит үр дүнд хүргэхэд монголын талтай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн хоёр улсын хооронд урт хугацаанд тогтвортой, харилцан ашигтай хамтын ажиллагааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд ХКН зүгээс дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ монголын талаас дэвшүүлж буй сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хот байгуулалт зэрэг томоохон төсөлд ач холбогдол өгч нааштайгаар судалж үзэхээ илэрхийлэв.  


 








ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.