Иргэд, намын гишүүд, дэмжигчдийг хүлээн авч уулздаг “Иргэдээ сонсъё” уулзалтад өнөөдөр /2025.05.12/ Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга Ж.Батсайхан оролцов.
Монгол Ардын Намын Олон нийттэй харилцах, зохион байгуулалтын газраас зохион байгуулдаг энэхүү уулзалтад Удирдах зөвлөлийн ажлын албаны удирдлагууд болон УИХ-ын гишүүд оролцож иргэд олон нийт, намын гишүүдтэй уулзан санал хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэх чиглэлээр ажилладаг юм.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Д.Баяр өнгөрсөн орон нутгийн сонгуулийн үр дүн, одоо үргэлжилж буй тухайн тойргийн намын ажлын талаар Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Ж.Батсайхантай санал солилцов.
Нэг нам дангаар 12 жил засаглаж буй Сүхбаатар дүүрэгт улс төрийн үйл явц хэрхэн өрнөдөг тухайд, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай зүйлийн талаар ч саналаа хэллээ. Иргэний бүртгэлийг цэгцлэх, намын дэргэдэх Төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг хорооны хэмцээнд идэвхжүүлэх, амьд харилцаатай болгох, өөрийн гэсэн байргүйгээс тухайн хороонд намын үйл ажиллагааг явуулахад бэрхшээлтэй байдгийг Сүхбаатар дүүргийн IV хорооны иргэн Д.Баяр хөндөж байв.
Мөн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны иргэн Ч.Даваадолгор олон нийтийн цагдаа хийж байгаад тэтгэвэртээ гарсан ч харьяалах газар гэж байдаггүй бүтцийн тогтолцооноос болж нэг удаагийн тэтгэмж авч чадаагүй байгаа аж.
Эрсдэлт хүчин зүйлээс болж гэр оронгүй болсон тул түрээслээд өмчлөх орон сууцны дэмжлэгт хамрагдах хүсэлтээ холбогдох газарт өгсөн ч шийдвэрлэгдэхгүй байгаа талаараа иргэн Ч.Даваадолгор учирлав.
Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Ж.Батсайхан уулзалтад ирсэн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, холбогдох төрийн байгууллагуудад уламжилна гэсэн хариу өглөө.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.