Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн ажлын албанаас зохион байгуулж буй "Эв нэгдлийн цом-2025" тэмцээний нээлт Буянт-Ухаа спорт цогцолборт өнөөдөр /2025.05.05/ боллоо.
Тэмцээний нээлтэд Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Ц.Чулуунзагд, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ, Засгийн газрын гишүүн С.Бямбацогт, Б.Тулга, УИХ-ын гишүүн Ч.Ундрам болон намын Удирдах зөвлөлийн гишүүд, намын газар, хэлтсийн дарга нар оролцов.
Тэмцээнийг нээж Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар хэлэхдээ "Аливаа спорт гэдэг тэсвэр тэвчээр, хамтын хүч билээ. Эв нэгдэлтэй газар ямагт ялалт, амжилт байдаг. Энэ агуулгаараа эв нэгдэлтэй, хамтын хүчээр хамт олноороо, аймаг, дүүргээрээ тэмцээндээ зорин ирсэн та бүхэндээ талархал илэрхийлж байна. Хурд хүчээ сорьж буй баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе" хэмээв.
Спортын таван төрлөөр зохион байгуулж буй энэхүү тэмцээнд Удирдах зөвлөлийн ажлын алба, УИХ дахь МАН-ын бүлэг, Нийслэлийн намын хороо, НИТХ дахь МАН-ын бүлэг, сургалт судалгааны Стратеги академи, Дэвшилтэт бодлогын хүрээлэн, "Монголын Үнэн" сонин, намын дэргэдэх Төрийн бус байгууллагууд, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн намын хорооны баг, тамирчид оролцож байна.
Нийт 36 багийн 1200 гаруй тамирчин 67 медалийн төлөө өрсөлдөж буй "Эв нэгдлийн цом-2025" тэмцээний эхний өдөр гарбөмбөг, ширээний теннисийн төрөлд хурд хүчээ сорьж байна. Тэмцээний дараагийн өдрүүдэд сагсан бөмбөг, шатар, дартсын төрөлд баг, тамирчид өрсөлдөн шилдгүүдээ шалгаруулснаар гурван өдрийн турш үргэлжлэх "Эв нэгдлийн цом-2025"-ын эзэн, медальтнууд тодорно. Өмнөх тэмцээний шилжин явах цомын эзэн багаар Ховд аймгийн Монгол Ардын Намын хороо шалгарч байсан юм.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.