Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, Монгол Ардын Намын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Буриад Улсын Соёлын сайд, хатагтай Дагаева Соёлма Баяртуевнаг Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2025.05.03/ хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд СДМЗХ-ны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва хоёр орны соёлын харилцаа, залуучуудын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх чиглэлээр Соёлын сайдтай уулзаж буйдаа талархлаа илэрхийлэв. Мөн тэрбээр хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-аас ирэх наймдугаар сард 50 залууг урьсан талаар онцоллоо. Хоёр орны соёлын салбарт өргөн хүрээнд зохион байгуулдаг дэлхий даяар тархан суурьшсан буриад зоны түүх, соёлын хамгийн том “Алтаргана” наадмын талаар ч дурдав.
Энэ удаад Буриадын төлөөлөгчид эх орны дайнд ялсны 80 жилийн ойд зориулсан хамтарсан арга хэмжээнүүдэд оролцохоор Монголд хүрэлцэн иржээ. Тухайлбал, найруулагч Олег Юмовын "Фронт Цэгмид" баримтат киноны нээлт өнөөдөр болох бол маргааш Соёлын төв өргөөнд "Аугаа ялалт-Аугаа найрамдал" Монгол, Буриад хоёр орны урлагийнхны тоглолт болох гэж байна. Эдгээр арга хэмжээнд СДМЗХ-ны удирдлагуудыг Буриадын төлөөлөгчид урив.
Буриад Улсын Соёлын сайд, хатагтай Дагаева Соёлма Баяртуевна Монголын Соёлын яамтай хамтын ажиллагаатай, мөн СУИС-д олон залуу суралцдаг бөгөөд боловсролын салбарт ч өргөн хүрээнд хамтран ажиллаж байгааг тэмдэглэв.
Мөн тэрбээр Буриадын Соёлын яамны дэргэд Залуучуудын зөвлөлийг саяхан байгуулсан гэдгээ дурдаад соёлын бүтээлч үйлдвэрлэл гээд бүхий л талаар СДМЗХ-г хамтран ажиллахыг урилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор орон даяар өрнөж буй "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд СДМЗХ-ноос санаачлан үндэсний хэмжээнд зохион байгуулж буй "Моддоо усалъя" хаврын цэнэг усалгааны аян өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд залуусын гар бие оролцож буй мод услах ариун үйлсэд Буриадын Соёлын сайд Дагаева Соёлма амжилт хүслээ.
Хоёр талын уулзалтад СДМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Б.Галсан, СДМЗХ-ны дэд ерөнхийлөгч М.Цэлмүүн, СДМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Өлзийжаргал, СДМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Номин нарын төлөөлөл оролцов.
Мөн ОХУ-ын Буриад Улсын Ардын уран бүтээлийн төвийн захирал Дугарова Альбина Николаевна, Ардын уран бүтээлийн төвийн орлогч захирал Малханов Александр Данилович, ОХУ дахь Монгол Улсын соёлын элч Х.Дамдинсүрэн, орчуулагч, хэл шинжлэлийн доктор, профессор Д.Цэцэгдэлгэр нарын хүмүүс оролцлоо.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.