70001921
info@nam.mn
Мэдээ

Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Хочиминь хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Нгуен Ван Нэн-тэй уулзав​ ​

Админ
2025/05/01

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр БНСВУ-ын Хочиминь хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Нгуен Ван Нэн-тэй уулзав. Хочиминь хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Нгуен Ван Нэн тус хотод зохион байгуулагдаж буй Өмнөд Вьетнамыг чөлөөлж, Вьетнам Улсыг нэгтгэсний 50 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож байгаад талархал илэрхийллээ. Вьетнамын ард түмэн улс орноо нэгтгэх, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд Монгол болон олон улсын анд нөхдийн үнэ цэнтэй дэмжлэгийг үргэлж санан дурсаж байдгийг онцлон, 1955 онд Ерөнхийлөгч Хо Чи Минь Монгол Улсад айлчилсан тэр цагаас хойш хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт тасралтгүй хөгжиж ирснийг цохон тэмдэглэв.

Олон улсын хамтын ажиллагаагаараа улсдаа тэргүүлдэг Хочиминь хот нь хоёр улсын удирдагч нарын харилцан тохиролцсон хамтын ажиллагааны чиглэлүүд, иргэд хоорондын харилцаа, түүх, соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн төлөө тууштай ажиллаж байгаа төдийгүй Вьетнам, Монголын хооронд шууд нислэг хийж эхэлсэн нь хамтын ажиллагаанд таатай нөхцөл бий болгосныг тэмдэглэв. Цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанаас гадна талууд улс төрийн намуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэлбэрээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах саналыг Хочиминь хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Нгуен Ван Нэн тавив.

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлийн хүрээнд хөгжүүлснээр хоёр улсын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагаа нааштай хөгжиж байгааг онцлов. Мөн улс төрийн намын хамтын ажиллагаа нэмэгдэж, иргэд хоорондын харилцаа цаашид улам өргөжихөөр байгааг ч онцлон, Вьетнамын талаас шууд нислэгийг зөвхөн өвөл бус зуны улиралд ч нэмэгдүүлэхийг хүсэж, Вьетнамын хөрөнгө оруулагчид Монголд худалдаа, эдийн засгийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд нээлттэй байгааг илэрхийллээ.

 

 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.