Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн ажлын албаны удирдлагууд болон УИХ-д сонгогдсон гишүүд иргэдийг нээлттэй хүлээн авч уулзан, санал хүсэлтийг нь сонсон, шийдвэрлэх боломжийг судлан хариу өгөх чиглэлээр тогтмол ажилласаар байна. Энэ нь иргэд, намын гишүүд, дэмжигчид гээд өргөн хүрээнд хүртээмжтэй, эргэх холбоотой ажиллах зорилготой “Иргэдээ сонсъё” уулзалт юм. Энэ уулзалтын өнөөдрийн дугаарт /2025.04.30/ Монгол Ардын Намын Сан хөрөнгийн газрын дарга Ж.Чинболд оролцов. Түүнтэй уулзахаар судлаач, багш, хэл бичгийн ухааны доктор Н.Энхтөр зорьж иржээ.
Тэрбээр “Дууны яруу найрагт холбогдох судалгаа-2”, “Эссе нийтлэл, трактатууд”, “Орчин үеийн Монголын дууны яруу найргийн төрөл зүйлийн онцлог зарим асуудалд”, “Яруу найрагт холбогдох судалгаа” зэрэг дөрвөн боть хэвлүүлсэн байна. Мөн 2006 онд тухай үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын нэрэмжит залуу судлаачийн судалгааны грант хүртэж байснаа ч авчирч үзүүлэв.
Доктор Н.Энхтөр салбарынхаа шилдэг бүтээлийн шагналыг хүртэх шалгуур хангасан гэж үзэж байгаа бөгөөд энэ талаараа салбарын удирдлагууддаа өөрөө хандаж байжээ. Гэвч шийдэгдэхгүй байгаа тул Монгол Ардын Намын удирдах хүмүүст хандаж энэ жилдээ шийдэх боломжийн талаар тодруулж өгөхийг хүссэн юм. Доктор Н.Энхтөр хэлэхдээ салбарын үе үеийн сайд нар, төрийн өндөрлөгүүд өөрийнх нь судалгааны бүтээл туурвилыг мэддэг, гэхдээ зохих албан ёсны шагнал урамшууллыг хүртэж чадаагүйдээ сэтгэл дундуур яваа гэдгээ учирлав.
Түүнтэй уулзаж, санал хүсэлтийг нь хүлээн авсан Монгол Ардын Намын Сан хөрөнгийн газрын дарга Ж.Чинболд иргэдийнхээ дуу хоолойг нээлттэй, чөлөөтэй сонсож байгаа ч гэсэн улс төрийн нам тул энэ удаад асуудлыг шууд шийдэх боломжгүй гэдгийг ойлгуулав. Гэхдээ санал хүсэлтийг нь боловсролын салбарын удирдах хүмүүс рүү албан бичгээр танилцуулах, хариу авах, дараа нь доктор Н.Энхтөрт эргэн мэдэгдэх чиглэлээр ажиллана гэдгээ хэллээ.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.