70001921
info@nam.mn
Мэдээ

Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Т.Сайнжаргал иргэдтэй уулзав

Админ
2025/04/28

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн даргын Улс төрийн бодлогын зөвлөх Т.Сайнжаргал өнөөдөр /2025.04.28/ Тусгаар тогтнолын ордонд иргэд, намын гишүүд, дэмжигчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. 

Удирдах зөвлөлийн ажлын албаны удирдлагууд болон УИХ-д сонгогдсон гишүүдийг иргэдтэй нээлттэй уулзуулах, тэдний санал, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, эргэх холбоотой ажиллах зорилгын хүрээнд энэхүү “Иргэдээ сонсъё” уулзалтыг намын Олон нийттэй харилцах, зохион байгуулалтын газраас тогтмол хийж байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэн, “Ноён хангай” Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Оюунсүрэн өөрийн хариуцан ажилладаг байранд тулгарсан асуудлыг холбогдох газраар шийдүүлж чадахгүй байгаагаа учирлав. Тэрбээр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт болон газрын албанд энэхүү хүсэлтээ өгсөн гэнэ.

Байрны нэгдүгээр давхраас том тавцан гаргаж гагнасан гоо сайхан, үсчний үйлчилгээний газрын эзэн болон тухайн бүсээс дүүргийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид хүсэлт, шаардлага тавьсан боловч хэрэгжүүлэхгүй байгаа гэлээ.  Энэ байдал нь тухайн орон сууцны даацад нөлөөлөх эрсдэлтэй гэж оршин суугчид ч дургүйцлээ илэрхийлсээр байгаа аж.

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Т.Сайнжаргал иргэний хүсэлтийг хүлээн авч, тодорхой хугацааны дотор эргэн хариу өгөхөөр болов. Гэхдээ зөвхөн нэг талын хүсэлтээр асуудалд хандах бус тухайн дүүрэг, хорооны удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгч, үйлчилгээний газрын эзэн зэрэг бусад төлөөллөөс асуудлыг тодруулж эргэн хариу өгөх чиглэлээр ажиллана гэдгээ хэллээ. 

Зөвлөх Т.Сайнжаргалтай уулзсан бусад иргэдийн төлөөлөл хувийн хэвшлээс төрийн албанд шилжин ажиллах боломжийн талаар, мөн бизнесийн үйл ажиллагаагаа  өргөтгөх талаар ч санал солилцлоо.






ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.