Социал Демократ Монголын Оюутны Холбооны Бага хурлын II хуралдаан өнөөдөр /2025.04.26/ Тусгаар тогтнолын ордонд боллоо. Оюутан, залуус “Agenda-2.0” хөгжлийн хөтөлбөртэй танилцаж, Монгол Ардын Намын дэргэдэх Стратеги академитай хамтран салбар уулзалт, хэлэлцүүлэг хийж саналаа илэрхийллээ.
Уг хурлаас “2000 PLUS” буюу 2000 оноос хойш төрсөн шинэ мянганы залуусдаа, одоо яг суралцаж байгаа оюутан болох гэж байгаа сурагчдадаа, мөн дөнгөж ажлын байранд гарсан шинэхэн төгсөгчдөдөө зориулсан хөгжлийн томоохон хөтөлбөр батлахаар ажиллаж байна.
2000 оноос хойш төрсөн шинэ мянганы залууст тулгамдаж буй асуудлыг гурван бүлэгт хувааж байгаа аж. Үүнд, 12 дугаар ангийг төгсөх гэж буй сурагчдад их дээд сургуульд элсэн суралцахад тулгамдаж буй асуудал, оюутан залуучууд буюу 18-22 насны залуус цагаар хөдөлмөр эрхлэхэд тулгамддаг асуудал, дотуур байрны хүртээмж, сургалтын хөтөлбөрүүдийн асуудал багтаж байна.
Өнөөдөр залуус сонирхлын бүлгүүдээрээ нэгдэж үйл ажиллагаа, нийгмийн төсөл хэрэгжүүлэх дээр дэмжлэг авах, хамтдаа цаг хугацаагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж дутмаг байна гэдэг нь судалгаагаар гарсан байна. Мөн дотуур байрны хүртээмж, сургалтын хөтөлбөрийн асуудал, цагаар хөдөлмөр эрхлэхэд тулгамддаг асуудал зэрэг олон зүйл дээр судалгаа хийж ажиллаж байна. Цаашид бүсийн уулзалт дээрээ оюутнууд өөрийн бүс нутагт тулгамдаж буй оюутан залуусын асуудлаа хэлэлцэн, шийдэл дэвшүүлэх юм байна. Иймээс Социал Демократ Монголын Оюутны Холбооноос “Agenda-2.0” хөтөлбөртэйгээ уялдуулан “2000 PLUS” хөтөлбөрийг өнөөдрөөс зарлан нэг сарын хугацаанд хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.
Ташрамд дурдахад, зуны улиралд тус холбооноос “SD-CAMP” буюу бүсийн уулзалтыг зохион байгуулдаг. Энэ уулзалтаа бүсчилсэн байдлаар буюу бүсийн асуудлыг оюутан залуучууд өөрсдийн оролцоо, судалгаанд суурилан гаргаж тодорхой шийдлүүдийг хамтдаа хэлэлцүүлэх юм.
Социал Демократ Монголын Оюутны Холбооны Бага хурлын II хуралдааны нээлтэд Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар оролцож үг хэлсэн юм.
Түүний хувьд 1995 онд анх оюутны холбоог “Тэмүүлэл хөдөлгөөн" нэртэйгээр байгуулж, тэргүүнээр нь ажиллаж байсан юм. Тийм ч учраас оюутан залуусын үйл ажиллагаа, манлайллыг байнга дэмжин ажилладаг гэдгээ онцоллоо.
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар "Монгол Ардын Намын ирэх 10 жилийн нэг том өнгө, оролцоо нь та нар байна. МАН-ын гурван том үнэт зүйл байдгийн нэг нь Тусгаар тогтнол. Хоёрдугаарт, үндэсний эв нэгдэл, үндэсний нягтрал, үндэсний үнэт зүйл. Гуравдугаарт, нийгмийн чиглэлийн бодлогууд буюу Социал Демократ бодлогууд. Тэгэхээр энэ гурван том үнэт зүйлийг бид бүхэн намын гишүүн болж байгаагийн хувьд ч, намын дэргэдэх оюутны байгууллагад орж байгаагийн хувьд ч байнга бодож, сайн судлаж, ойлгож аваасай гэж хүсэж байна” гэлээ.
Мөн энэхүү хуралд Социал Демократ Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн М.Ганхүлэг оролцсон юм.
Тэрбээр "Залуучууд та бидэнд үргэлж сонголтууд байдаг. Ялангуяа өнөөдөр тулгамдаж буй олон асуудлуудыг хараад суулгүйгээр өөрсдөө гар бие оролцох, ижил төстэй сонирхолтой залуучуудтайгаа хамтран нэгдэх, мөн өөрсдийгөө хөгжүүлэх боломж байна. Энэ тодорхой боломжуудыг Социал Демократ Монголын Оюутны Холбоо өнөөдрийг хүртэл олгосоор ирсэн. Шинэ үеийн залуучууддаа улс төрийн идэвхтэй байх, нийгэмдээ өөрийнхөө хувь нэмрийг оруулах боломжийг олгодог Социал Демократ Монголын Оюутны холбоонд тавтай морилно уу хэмээн урьж байна” гэлээ.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.