70001921
info@nam.mn
Мэдээ

Гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын талаар ахмадуудад танилцуулав

Админ
2025/07/18

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос нийслэлийн гишүүн, дэмжигч ахмадуудыг оролцуулсан ээлжит 10 дахь удаагийн уулзалтаа Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2025.04.22/ зохион байгуулав.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож олон улсын нөхцөл байдал, Монгол Улсын гадаад бодлогын сэдвээр, мөн УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга  Г.Тэмүүлэн үндэсний аюулгүй байдалд тулгамдаж буй сорилт бэрхшээлийн талаар танилцуулж, ахмадуудын сонирхсон асуултад хариулт өгөв.

Манай улсын гадаад бодлого сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгааг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцлов. Гэхдээ олон улсын харилцааны нөхцөл байдал тогтворгүй, таамаглахын аргагүй өөрчлөгдөж, цаашид хэрхэх нь тодорхой бус шинэ сорилттой тулж байгаа бөгөөд ийм үед манай улс ухаалаг, уян хатан бодлого идэвхтэй явуулах учиртайг сайд хэллээ. 

Мөн манай улс аюулгүй байдал, гадаад харилцааны асуудалд нэг бодлого, нэгдмэл байр суурьтай нэг цонхны зарчим баримталж байгааг ч дурдлаа. Үүний зэрэгцээ дэлхийн олон оронд ажиллаж, амьдарч, суралцаж буй монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах талаар “Зөгийн үүр”, “Дэлхийн монголчууд-2” гэх зэрэг төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг талаар ч танилцуулав.

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Монгол Улсын аюулгүй байдлын үзэл баримтал, сорилт бэрхшээл сэдвээр ахмадуудад танилцуулсан юм. Сүүлийн үед улс төрийн хүрээнд анхаарлын төвд байгаа “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөл, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны маргаашийн хуралдаанаар хэлэлцэх тов гарсан байна. 

Дээрх хоёр төслийг Засгийн газраас зөвшилцөхөөр УИХ-д өргөн барьсан юм. Энэ талаар тус байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэхдээ асуудлыг нэг нам, нэг хүний бодлогоор хүчээр шийдэх боломжгүй, олон намын төлөөлөл олон талаас нь нухацтай, шүүлтүүртэй хэлэлцэж  байгаад шийдвэрлэнэ гэлээ. Дэлхий ертөнц тогтворгүй байгаа тул эдийн засагт учирч болзошгүй эрсдэл ойрын 5-10 жилд үргэлжлэх магадлалтайг олон улсын шинжээчид дүгнэж байгаа учраас манай улс илүү ухаалаг, уян хатан бодлого баримтлах нь чухал гэдгийг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн  ч онцолж байлаа.  

Уулзалтад оролцсон ахмадуудын төлөөлөл монгол хүний үнэлэмж гадаадад ямар байдаг талаар, Солонгост очсон залуусыг тэнд баривчилж байхаар эх оронд нь аятай амьдруулах бодлого хэрэгтэйг, Гадаад харилцааны чиглэлээр томилогдож буй боловсон хүчний сонголт, тэдний ёс зүйд анхаарах зэрэг асуудлыг түлхүү хөндөж байлаа.

Уулзалтад Социал Демократ Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар оролцсон юм.






 

 

 

 

 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.