Монгол Ардын Нам “Agenda-2.0” хөтөлбөрөө нийслэлийн дүүргүүдийн намын хороодод танилцуулж байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн Монгол Ардын Намын хорооны гишүүд, дэмжигчдэд өнөөдөр /2025.04.16/ танилцууллаа.
Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал ирэх намар болох бөгөөд уг хурлаар “Agenda-2.0” хөтөлбөрийг хэлэлцэнэ. Энэ хүрээнд намын гишүүдээс тус хөтөлбөрт тусгах саналыг авах зорилгоор энэхүү танилцуулга, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм. Хөтөлбөрийн талаар Монгол Ардын Намын дэргэдэх Стратеги академийн захирал Д.Дэмбэрэлдорж танилцууллаа.
“Agenda-2.0” хөтөлбөрт намын зорилт мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах асуудал, намын бүтэц зохион байгуулалт хүний нөөцийн шинэчлэл, намын дүрмийн шинэчлэл, намын гишүүд дэмжигчдийн оролцоо хүрээг өргөтгөх зэрэг олон асуудлыг тусгаж байна.
“Agenda-2.0” хөтөлбөрийн гол зорилго нь гурван томоохон шинэчлэл дээр анхаарч байна. Үүнд, хүний нөөц, ногоон шилжилт, хиймэл оюун ухааны шилжилт багтаж байгаа юм.
“Agenda-2.0” хөтөлбөрийн танилцуулга болон хэлэлцүүлэг нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 суманд хүрч намын нийт гишүүн, дэмжигчдийн дунд явуулна.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн зүгээс 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд ард түмэн Монгол Ардын Намын бодлого зорилт, мөрийн хөтөлбөрийг дэмжиж саналаа өгч ялалт байгуулсан. Гэтэл хамтарсан Засгийн газар байгуулж байгаа нь хэр зөв шийдвэр байсан бэ. Ахмадын асуудал дээр эрх баригч намын хувьд том бодлого баримтлах хэрэгтэй. Тэтгэвэр нэмэхдээ бүхэлд нь бус хамгийн доод тэтгэврийн хэмжээг л нэмдэг баймаар байна гэсэн санал хэлэв. Мөн ирээдүйд улс орны эзэн болох залуусыг дэмжсэн олон бодлого зорилт дэвшүүлж байгаад талархалтай байгаагаа илэрхийлж байлаа.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намуудаас хамгийн анх Монгол Ардын Нам дэргэдээ сан байгуулсан. Энэ оны хоёрдугаар сард “Анхны долоо” санг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлж байгаагаа олон нийтэд танилцуулсан.
Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Х.Алтай тус сангийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд энэ өдөр сангийнхаа үйл ажиллагааны чиглэл, зорилгыг танилцуулсан юм.
“Анхны долоо” сангийн үйл ажиллагаа нь нийгэм рүү голлон чиглэх бөгөөд хүүхэд залуусын боловсрол руу түлхүү анхаарч ажиллах зорилготой. Энэ хүрээндээ 2028 он гэхэд 400 залууст хүрч ажиллах төлөвлөжээ.
“Agenda-2.0” хөтөлбөрийн танилцуулга, хэлэлцүүлэгт Монгол Ардын Намын Олон нийттэй харилцах, зохион байгуулалтын газрын дарга Ж.Дамдинцэрэн оролцож гишүүдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.