Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн Н.Дэчинлхүндэв, мөн тус дүүргийн иргэн Д.Гүнсмаа нар өнөөдрийн /2025.04.16/ “Иргэдээ сонсъё” уулзалтыг зорин ирж УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Монгол Ардын Намын Дүн шинжилгээ, хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Э.Очбадрах нартай уулзав.
Эрчим хүчний салбарт олон жил ажилласан ахмад настан Н.Дэчинлхүндэв гуай хувийн асуудлаар хүсэлт тавихаар ирснээс гадна нийслэлийн нийтийн тээвэрт тодорхой хэмжээний зохицуулалт хийх шаардлагатай гэсэн саналтай байгаа гэв. Автобуснууд нэг үеэ бодвол дулаахан, тохь тухтай болсон ч замын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлөхгүй байгаагаас түгжирдэг, удаан явдаг нь хол замд ахмадууд зорчиход хүндрэлтэй байдаг гэдгээ учирлаж байв.
Мөн иргэн Д.Гүнсмаа нийтийн тээврийн жолооч байсан бөгөөд салбартаа тулгамдаж буй асуудлуудыг зохицуулах шаардлагатай гэж үзэж байгаа аж. Тухайлбал, нийтийн тээвэр болон уул уурхайн том тэрэгний жолооч нарын ахуй байдал, эрүүл мэндийн асуудалд анхаарах цаг болсон гэж байлаа.
“Иргэдээ сонсъё” уулзалтыг зорин ирсэн иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзсан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Монгол Ардын Намын Дүн шинжилгээ, хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Э.Очбадрах нарын хувьд иргэдийн мэдээлэл, санал хүсэлтийг албан ёсоор бүртгэн авч, шийдвэрлэх боломжийг судалж эргэн хариу өгөх чиглэлээр ажиллах юм.
Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн ажлын албаны удирдлагууд болон намаас УИХ-д сонгогдсон гишүүд намын гишүүд, дэмжигч, иргэдтэй эргэх холбоотой ажиллах зорилгоор зохион байгуулж буй “Иргэдээ сонсъё” уулзалт нээлттэй үргэлжилсээр байна.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.