Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институц, хүний эрхийн газар (АИХЭГ)-аас Монгол Улсын Засгийн газрын урилгаар Улс төрийн намын тухай хуульд зөвлөмж өгөхөөр ажиллаж буй Надия Сиренко, Горан Петров, Фернандо Касаль Бертоа нарыг өнөөдөр /2025.04.11/ хүлээн авч уулзлаа.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн газар нь гишүүн орны хүсэлтийн дагуу хуулийн төслүүд болон одоо мөрдөгдөж буй хууль, тогтоомж нь олон улсын хүний эрхийн стандартад нийцэж байгаа эсэхийг үнэлж, сайжруулах талаар тодорхой зөвлөмж өгдөг байна. Тус байгууллагаас Монголын парламентад суудалтай таван нам болон бусад намын төлөөлөл, төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, судлаачидтай уулзаж, санал солилцож байгаа аж.
Энэ хүрээнд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатартай албан уулзалт хийж, хоёр тал санал солилцсон юм.
Уулзалтад Монгол Ардын Намын Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Өлзийжаргал, намын дэргэдэх Стратеги академийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан О.Чингүүн нарын албан төлөөлөл байлцав.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.