Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлыг ирэх намар зохион байгуулж, хүний нөөц, ногоон хөгжил, хиймэл оюун ухаанд суурилсан AGENDA-2.0 шилжилт хийхээр төлөвлөн, орон даяар танилцуулж эхлээд байна. Энэ хүрээнд “Монгол Ардын Намын хөгжлийн sстратеги AGENDA-2.0” хөтөлбөрийг нийслэлийн Баянгол дүүргийн намын хороонд танилцуулах уулзалт сургалт өнөөдөр /2025.04.09/ боллоо.
“Монгол Ардын Намын хөгжлийн стратеги AGENDA-2.0” хөтөлбөрийн таницуулгыг Монгол Ардын Намын дэргэдэх Стратеги академийн захирал Д.Дэмбэрэлдорж хийсэн юм.
Уулзалтад Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон бусад удирдах албаны хүмүүс, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, намын гишүүд, идэвхтэн дэмжигчид, эрдэмтэн, судлаачид, эдийн засагчид, салбар бүрийн мэргэжилтнүүд оролцов.
Стратеги академийн захирал Д.Дэмбэрэлдорж энэ удаад Баянгол дүүрэгт монгол хүний амьдралын чанарыг сайжруулахтай холбоотой сургалт орсноороо онцлог байв. Энэ талаарх шинэ санааг Стратеги академид хүлээн авахад нээлттэй гэдгээ ч хэллээ.
“AGENDA-2.0” хөтөлбөрийн танилцуулах уулзалт, сургалтад оролцсон хүмүүсийн төлөөлөл ч энэ талаар саналаа хэлж байв. Тухайлбал, монгол хүний үнэлэмж нь боловсрол, түүний систем ч гэлээ сүүлийн жилүүдэд утаа, түгжрэл гэж нийгмийн асуудал, бухимдал руу хэт автаж явсаар хүүхдийн боловсролд дорвитой зорилт тавихгүй байгааг анхаарах нь чухал гэсэн саналыг хэлж байлаа.
Монгол Ардын нам дэргэдээ "Анхны долоо" санг байгуулж, залуучуудын хөгжлийг дэмжих, нийгэмд чиглэсэн үйл ажиллалаа явуулахаар болсон. Энэ талаар Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга, тус сангийн гүйцэтгэх захирал Х.Алтай Баянгол дүүргийн намын хорооны уулзалтад танилцуулав.
Төр нийгмийн зүтгэлтэн, цэргийн суут Жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ойн өдөр /2025.02.02/ Монгол Ардын Намын дэргэд “Анхны долоо” санг байгуулсан юм.
Тус сан нь нийгэм, хүүхэд залуучууд гээд олон чиглэлд үйл ажиллагаа явуулна. Эхний ээлжинд жилд 100 хүүхдэд сургалтын тэтгэлэг олгохоор зарлаж байгаа. Энэ мэтчилэн ирэх 2028 он гэхэд 400 орчим хүүхдийн боловсролыг дэмжин сургалтын тэтгэлэг олгохоор зорьжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн үйл ажиллагааг ч явуулна гэдгийг сангийн гүйцэтгэх захирал тодотголоо.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.