Монгол Ардын Нам “Иргэдээ сонсъё” уулзалтыг 2024 оны арванхоёрдугаар сараас эхлүүлсэн. Намын Удирдах зөвлөлийн Ажлын албаны удирдлагууд болон Монгол Ардын Намаас УИХ-д сонгогдсон гишүүд иргэд, олон нийттэй уулзаж, санал хүсэлтийг нь хүлээн авч байгаа юм.
Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар өнөөдрийн / 2025.04.09/ “Иргэдээ сонсъё” уулзалтыг зорьж ирсэн иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзан санал хүсэлтийг нь сонслоо.
Мөн Монгол Ардын Намын Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Өлзийжаргал иргэд, олон нийтийг хүлээн авч уулзсан юм.
Иргэдийн зүгээс “Шинэ хоршоо” хөдөлгөөний асуудлыг хөндөн ярив. “Шинэ хоршоо” хөдөлгөөн нь мал аж ахуйн салбарт том өөрчлөлт оруулж, малчид үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчийн түвшинд хүрч, малчин өрхийн орлого нэмэгдэх том боломжийг нээж өгч байгааг онцлов. Гагцхүү тус хөдөлгөөний хүрээнд олгогдож буй хөрөнгө оруулалтын зээлийн банкны шаардлага, шалгуурыг зөөллөх тухай асуудлыг хөндөж байсан юм.
Иргэдийн төлөөлөл УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатартай уулзаж байгаагийн хувьд ард түмний төлөөлөл болж төрийн дээд байгууллагад ажиллаж байгаа зарим гишүүдийн хуралдаа суухгүй байгаа зөрчил дээр хариуцлага тооцох асуудлыг хөндөж байлаа.
Монгол Ардын Намын дотоод асуудлын талаар ч иргэд саналаа хэллээ. Тухайлбал аймаг, сумын хяналтын хороог хараат бус болгох асуудал юм.
УИХ болон Засгийн газраас гарсан шийдвэр тогтоол, журам бодитоор хэрэгжихийн тулд хөдөө орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх зайлшгүй хэрэгтэй. Аймаг, сумын Засаг даргыг сонгон томилохдоо тухайн хүнийг төрийн алба, байгууллагад 5-аас доошгүй ажилласан байх шаардлагыг тавьж баймаар байна гэдэг саналыг тавьсан юм.
Улсынхаа бодлогыг тодорхойлох хамгийн том улс төрийн хүчний хувьд ийнхүү олон хүний санаа бодлыг хүлээн авч уулзаж буйд талархалтай байгаагаа иргэд онцолж байлаа.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.