70001921
info@nam.mn
Мэдээ

Дахин төлөвлөлт, 20 минут хотын талаар ахмадуудад танилцуулав

Админ
2025/04/08

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Ахмадын Холбооноос нийслэлийн гишүүн, дэмжигч ахмадуудыг хамруулсан ес дэх удаагийн уулзалтаа өнөөдөр /2025.04.08/ Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа. 

Уулзалтад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “Хотын дахин төлөвлөлт” сэдвээр, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “20 минутын хот” үзэл баримтлалын талаар ахмадуудад танилцуулж асуултад нь хариулав.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын хувьд өмнө нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа 100 айлын дахин төлөвлөлтийг амжилттай хийсэн туршлагаа бусад сайд, хотын удирдлагуудад жишээ болгон тайлбарладаг байна. Тэрбээр “Газар нь байгаад мөнгөтэй л бол монголчууд барилгыг хурдан барьчихдаг болсон. Барилга барих нь хэцүү гэж бодож байсан бол хүмүүс хоорондын ойлголцол, тохироо нь мөнгөнөөс илүү үнэ цэнтэй юм билээ. Иргэд тохироонд хүрэхгүйгээр ямар ч том төсөл унадаг гэдгийг би ойлгосон. Эхлээд иргэдээсээ асуухгүйгээр дарга нар өрөөндөө сууж байгаад шийдчихээр асуудал гардаг. Бусад нь энэ туршлагаас үлгэр жишээ аваасай гэж бодож 100 айлын дахин төлөвлөлтийг хийж байлаа. Цаашдаа ч манай Сүхбаатар дүүрэгт дахин төлөвлөлт маш их хэрэгтэй байгаа. Тэнд газар үнэтэй, барилгууд нь хуучирсан” гэв.  

Иргэнд ээлтэй, амьдрахад таатай 20 минутын хот

Хамгийн ихдээ 20 минутын дотор хүний хэрэгцээ цөм бүрэн 20 минутын хот байгуулахаар зорьж үзэл баримтлалыг нь боловсруулах Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц ахалж байна. Энэхүү үзэл баримтлал нь Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө юм. Тэгвэл иргэнд ээлтэй, амьдрахад таатай 20 минутын хотын талаар гишүүн Г.Лувсанжамц ахмадуудад ингэж тайлбарлав.

Тэрбээр:

-Иргэд гол дүр, оршин суугчид нь нэгдүгээрт байх төсөл юм. Нийт найман зорилт тавьсан. Шинэ зүйл шиг сонсогдож байгаа ч хуучны хороолол шиг байх болно. Тодруулбал, хажуудаа сургууль, цэцэрлэгтэй, тоглоомын талбайтай, автобусны буудал, ахуйн үйлчилгээний төв нь ойрхон байдаг таатай хороолол, хот өмнө нь байсан. Үүнийгээ сэргээх үзэл баримтлал гэж ойлгож болно. Алхахад, унадаг дугуйгаар явахад, нийтийн тээврээр зорчиход, дараа нь хувийн машинаа унахад таатай хот байгуулалтыг хийхээр зорьж байгаа юм гэдгээ тайлбарлав.

Манай улс 20 минутын хотыг байгуулахын тулд дараах гол найман зорилтыг тавьжээ.

1. Цэцэрлэг, сургуулийг хамгийн түрүүнд төлөвлөнө.

2. Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмийн сантай байна.

3. Цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, спортын байгууламжтай байна.

4. Сургуулийн гадаа биеийн тамир, спортын байгууламжийг бий болгоно.

5. Хорооны иргэд хоорондоо ярилцдаг орчныг бий болгоно. Иргэд, оршин суугч төвтэй хот болно.

6. Нийтийн тээврийн сүлжээнд холбогдох боломжийг бүрдүүлнэ. Бүх хороог автобусны буудалтай болгоно.

7. Худалдаа үйлчилгээ ойрхон төвтэй хот бий болгоно.

8. Олон төрөлт орон сууцыг бий болгоно гэжээ. 

Одоогоор нийслэлийн хэмжээнд Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Цаашид Баянхошуу, Толгойт, Дарь-Эх, Дамбадаржаа гэсэн дэд төвүүдийн ажлыг  эрчимтэй эхлүүлнэ гэдгийг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц онцлов. Олон айлын газрыг дахин төлөвлөлтөд аваад 20 орчим жил болж байгаа алдаа бий. Дахин төлөвлөлтөд орсон, газарт орсон бол бодитоор тэнд дэд бүтэц барьж, цаашид ямар болох вэ гэдгийг тодорхой болгож, алдааг засах чиглэлээр ажиллана гэдгээ гишүүн Г.Лувсанжамц хэлэв. Дахин төлөвлөлт, газар чөлөөлөх асуудал удаашралтай байгаа, үр дүнд хүрээгүй олон жишээг ахмадууд шүүмжилж байлаа.

Уулзалтад Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Х.Алтай, Социал Демократ Монголын Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо нар оролцов. 






ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.