70001921
info@nam.mn
Мэдээ

Х.Булгантуяа: Ахмадуудыг ажилд авахаар зохицуулсан хуулийн хэрэгжилтийг сайн хянаарай

Админ
2025/03/25

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Ахмадын Холбооноос нийслэлийн есөн дүүргийн гишүүн, дэмжигч ахмадуудыг хамруулсан ээлжит уулзалтаа өнөөдөр /2025.03.25/ Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа. Уулзалтад Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа оролцов. Тэрбээр эхлээд ахмадуудын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, тэтгэвэр, тэтгэмжийн талаар хууль эрх зүйн орчинд өнөөдөр мөрдөж буй заалтуудын талаар мэдээллийг өгөв.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа энэ 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар мэдээлэл өгч, хуулийг хэрэгжүүлэхэд ахмадуудыг хяналт тавьж, анхааралдаа сайн авч, өөрсдийг нь ажилд авах тухай заасан зохицуулалтыг ашиглаж, араас нь сайн хөөцөлдөхийг захисан юм. Тодруулбал, ахмадуудыг дэмжсэн бодлогын олон зохицуулалтыг хуульд тусгажээ. Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах онцлог заалтуудыг тусгасан байна.

Тухайлбал:

  • Ахмад настныг авч ажиллуулж байгаа байгууллага ахмад настан өөрөө хүсвэл тэтгэврийн даатгалын шимтгэл 8.5 хувийг төлөхгүй байх. 
  •  50 ба түүнээс дээш ажилтантай байгууллага нэг ахмад настныг авч ажиллуулах.
  • Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний төсвийг нэмэгдүүлэх.
  • Тэтгэвэрт гарсан эмч, багш зэргийг өөрсдийн хүсэлтээр үргэлжлүүлэн ажиллахыг дэмжих, холбогдох Засгийн газрын гишүүд хамтран арга хэмжээний төлөвлөгөө батлах гэсэн заалтуудыг тусгажээ.

Дээрх хуулийн талаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа үргэлжлүүлэн ярихдаа “Та бүхэн маань тэтгэвэрт гарсан байгууллагынхаа ахмадын холбоо руу утасдаарай, хуулиа хэрэгжүүлж байна уу хяналт тавиарай, хуулийн дагуу ахмад ажилтан авсан уу, би ажилд ормоор байна гэж хэлээрэй, би өдөрт тэдэн цаг ажиллах боломжтой гэдгээ заавал хэлж араас нь сайн хөөцөлдөөрэй. Дүүрэг, хороо руугаа очоод ахмадуудыгаа ажилд авах талаар юу хийж байна вэ гэж хянаарай, Дүүргийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан бүгд мөнгөжсөн, энэ мөнгийг юунд зарцуулж байна вэ гэж араас нь сайн асууж сураглаарай” гэв.

Уулзалтад оролцсон ахмадуудын төлөөлөл УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад асуулт тавив. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн хуралд оролцож буй байдлын талаар тайлан дүгнэлт гаргах, сүүлийн үед мэдээлж буй хуралд суудаггүй хоёр гишүүнд хариуцлага тооцсон эсэх, Хууль зүй, дотоод хэргийн сайдын ярьж байгаа үндэслэлгүй хөрөнгөжсөн хүмүүсийн хөрөнгийг хураах талаар УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг болон гишүүд ямар байр суурь баримталж байгаа зэргийг лавлав.

Уулзалтад Социал Демократ Монголын Ахмадын холбооны тэргүүн Б.Гомбо, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга З.Мишээл нар оролцов. 






ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.