Тусгаар тогтнолын ордон руу оронгуут нэгдүгээр давхрын задгай хэсэгт өвөрмөц нэгэн хөрөг зургийг том дэлгэцэд үзүүлжээ. Зураг дээрх эрэгтэй бүрх малгайн дор хоёр нүдний том дуран барьсан, дурангийнх нь алчуур нүүрийг бүхэлд нь халхалжээ. Гандсан гэмээр гүн ягаан дээлийнх нь ханцуйн эмжээр сэмэрч, дээлэн дээрээ улаан давхар эмжээртэй хар ногоон торгон хүрэм давхарлан өмссөн харагдана. Энэ бол гэрэл зурагчин О.Болорсувдын дуранд буусан Монголын хөдөө нутагт амьдардаг сонсголын бэрхшээлтэй нэгэн малчны хөрөг зураг ажээ.
Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбоо, Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв, Монолит продакшны хамтарсан “Deaf Nomads” буюу “Сонсголын бэрхшээлтэй нүүдэлчин” баримтат киноны Монгол дахь нээлт өнөөдөр /2025.03.21/ Тусгаар тогтнолын ордны Их танхимд болсон бөгөөд энэ үеэр фото зургийн үзэсгэлэн гаргасан нь энэ юм. Үзэсгэлэнд нийт 86 бүтээлийг дэлгэжээ. Энэхүү үзэсгэлэнд “Deaf Nomads” баримтат киноны гол дүрүүд болох сонсголын бэрхшээлтэй гэр бүлийнхний ахуй амьдралаас сэдэвлэсэн зургууд багтсан байна.
Фото зургуудад Монголын байгаль дэлхий, байшин барилга, цаг агаарын онцлог, ан амьтан, түүнд дасан зохицсон малчид, тэдний ахуйг нэгбүрчлэн дурсэлжээ. Сонсголын бэрхшээлтэй малчин айлын үүр цайхаас эхлэн үдэш болтол жилийн дөрвөн улиралд үргэлжилдэг энгийн нэгэн бодит ахуйг харуулсан байна.
Онцолбол, тэд малаа маллах, гэр бараагаа нүүлгэх, мод түлээгээ бэлтгэх, өвөл мөс хагалж ачих, мөн мал төхөөрч, гэдэс цэвэрлэх, уламжлалт хоол ундаа хийх, хашаа хороогоо барих, хүүхдүүдээ сургууль соёлд суралцуулах, цахим сүлжээнд нэвтрэх зэрэг аж амьдралын бүхий л бодит зураглалыг зурагчин О.Болорсувдын үзэсгэлэнгээс харж болно.
Зургууд нь онцлог тайлбартай байх бөгөөд “Хэнд ч хэлээгүй түүх”, “Эцгийн нөмөр”, “Тэсвэр хатуужил шаардах тусам гэрэлтэнэ”, “Дулаахан мэдрэмж, харцаар мэдрэгддэг, гараар ярьдаг, зүрх сэтгэлээр ойлгогддог ...” гэх мэтээр үргэлжилнэ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсан хэлэхдээ “СДМЗХ нь социал демократ үзэл баримтлалтай залуусын нэгдлийн хувьд нийгмийн бүхий л хүртээмжийн асуудалд анхаарч ажилладаг. Энэ удаад хөдөөд мал малладаг, нүүдэлчин өв соёлоо тээж, түгээж, хадгалж яваа хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн төлөөллийг олон улсад таниулах зорилгоор “Deaf Nomads” төслийг эхлүүлсэн. Энэ төсөлд 100 гаруй хүмүүсийн хичээл зүтгэл байгааг онцолж байна” гэв.
Социал Демократ Монголын Залуучуудын Холбоо, Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв, Монолит продакшн хамтран “Deaf Nomads” буюу “Сонсголын бэрхшээлтэй нүүдэлчин” баримтат киног Тайланд улсын Бангкок хотноо энэ 2025 оны хоёрдугаар сарын 26-нд зохион байгуулсан “Ази, Номхон далайн улс орнуудын тогтвортой хөгжлийн зорилтын форум 2025”-ын үеэр нээсэн бөгөөд өнөөдөр Монголд нээж буй нь энэ юм. Цаашид Италийн Ром, Японы Токио зэрэг хотод нээхээр төлөвлөж байгаа аж.
Баримтат киноны гол дүрд Өвөрхангай аймгийн малчин Б.Шижирийн гэр бүл, Дорнод аймгийн малчин Э.Хуягбаатарын гэр бүл, Хэнтий аймгийн малчин Г.Алдарбаатарын гэр бүл оролцсон байна.
Киноны нээлтэд УИХ-ын гишүүд, гадаадаас Монголд суугаа Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчдийн газар, олон улсын байгууллагуудын зочид, кинонд хамтран ажилласан уран бүтээлчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл зэрэг олон хүн оролцож, зургийн үзэсгэлэнг сонирхлоо.
Б.Пүрэвдагва: Харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд төрийн мэдээлэл, үйлчилгээг хүргэдэг тусгай суваг үүсгэхийн төлөө Засгийн газартай хамтарч ажиллаж байна
Киноны нээлтийн үеэр СДМЗХ-ны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва хэлэхдээ "Малчны хотонд төлийн дуу цангинасан, хаврын урь орсон сайхан өдөр баримтат киногоо Монголд нээж байгаадаа баяртай байна. Бид энэ киногоороо үндсэн гурван сэдвийг хөндөхийг зорьсон. Монгол хүний дархлаа болсон бидний нүүдэлчин соёл, хоёрдугаарт хөгжлийн бэрхшээлтэй малчин иргэдэд тулгамдаж буй зүйл, гурав дахь нь дэлхий нийтийг хамарч буй уур амьсгалын өөрчлөлт манай нүүдэлчин малчдад хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг хөндөхийг зорьсон. Энэхүү кино, үзэсгэлэнг нээгээд зогсохгүй цаашид харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд төрийн мэдээлэл, үйлчилгээг хүргэдэг тусгай суваг үүсгэхийн төлөө Засгийн газартай хамтарч ажиллаж байна. Нийгмийн халамж хүлээгээд зүгээр суудаг биш хөдөлмөрлөж, зүтгэж чаддаг ажилсаг хичээнгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих төслийг бид эхлүүлж байгааг дуулгахад таатай байна" гэв.
“Deaf Nomads” баримтат киноны хөгжмийн зохиолчоор Ч.Цогбилэг, ерөнхий найруулагчаар Б.Итгэл, продюсерээр Ж.Дуламсүрэн, мөн зохион байгуулагчид, хөтөч, дохионы хэлний хэлмэрч зэрэг олон хүн хоёр жилийн хугацаанд хамтран ажиллажээ.
Ерөнхий найруулагч Б.Итгэл хэлэхдээ “Энэ кино бол маш сайн бүтээл гэхээс илүүтэй маш хэрэгтэй кино гэж бодож байна. Ашгийн төлөө ажилладаг биш тодорхой үзэл баримтлалтай залуусын нэгдэлтэй хамтарч ажиллахын тулд СДМЗХ-г сонгож нэг зүгт харж хамтран бүтээл хийлээ” гэв.
Энэхүү баримтат киногоор дамжуулан сонсголгүй гэр бүлийн төлөөлөл, тэдний амьдрал, тулгамддаг асуудал, нийгмийн үйлчилгээг авахад юу саад болж байна вэ, цаашид юу хийх хэрэгтэй вэ гэдгийг хөндөн харуулахыг зорьжээ.
Баримтат киноны гол дүрийн нэг Б.Шижир киноны нээлтэд ирсэнгүй. Тэрбээр “Deaf Nomads”-т дүрээ мөнхлөөд бурхны орныг зорьжээ. Киноны нээлтийн үеэр Тусгаар тогтнолын ордны Их танхимд цугласан үзэгч олон түүнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв.
“Deaf Nomads” баримтат кино, үзэсгэлэнгийн нээлтэд томоор дүрсэлсэн бүрх малгайн дор хоёр нүдний том дуран барьсан, дурангийнх нь алчуур нүүрийг бүхэлд нь халхалсан, гүн ягаан дээлэн дээрээ улаан давхар эмжээртэй хар ногоон хүрэмтэй эрэгтэй бол Б.Шижир агсны зураг ажээ.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.