НҮБ-ын эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 69-р чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо энэ гуравдугаар сарын 10-наас 21-ний хооронд болж байна. Тус чуулганд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзулаар ахлуулсан Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны төлөөлөгчид, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, "Даян дэлхийн монгол эмэгтэйчүүд хамтдаа" ТББ-ын төлөөлөгчид хамт оролцлоо.
Энэхүү чуулганаар Бээжингийн тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөрийн өнгөрсөн 30 жилийн хэрэгжилтийг хэлэлцэж, цаашид баримтлах улс төрийн тунхаглалыг батлахад Социнтернийн эмэгтэйчүүдтэй хамтран идэвхтэй оролцлоо .
Чуулганд 180 гаруй орны нийт 12 мянга гаруй төлөөлөгчид оролцож, 270 орчим дагалдах арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд охид, эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоох, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлууд, Технологийн хөгжил, цахим бэлгийн мөлжлөгтэй тэмцэх, Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайлал, Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо, бизнес эрхлэлтийг дэмжих зэрэг сэдвүүд нь анхаарал хандуулах гол асуудлууд байв.
Манай улсын төлөөлөгчид дээрх сэдвүүдийн хүрээнд зохион байгуулсан хуралдааны ерөнхий хэлэлцүүлэг, эмэгтэйчүүд, охидын хүчирхийллийн эсрэг бүлгээс зохион байгуулсан өндөр түвшний арга хэмжээ, дугуй ширээний уулзалтад үг хэлж идэвхтэй оролцлоо.
Социнтернийн эмэгтэйчүүдийн олон улсын байгууллагын хуралдаанаас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан уриалга гаргасныг Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо дэмжин ажиллав.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.