70001921
info@nam.mn
Мэдээ

Польшийн парламентын гишүүдтэй уулзав

Админ
2025/03/18

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Польш улсын Парламентын доод танхим-Сеймийн гишүүдтэй уулзав. Монгол, Польш хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд болсон энэхүү уулзалтаар хамтын ажиллагааны олон асуудлаар санал солилцов.

Польшийн эрх баригч Иргэний индэр намын Сеймийн гишүүн Павел Ближниук, Пшэмислав Витек нар МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа нартай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэн Польшийн дотоод нөхцөл байдал, Иргэний индэр нам болон парламент дахь эвслийнхээ үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав. 

Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Польш улс Европын Холбоог даргалж байгаа болон удахгүй Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын бэлтгэл хангаж буй ачаалалтай цаг үед цаг гарган уулзаж байгаад Сеймийн гишүүдэд талархал илэрхийлэн Монгол, Польшийн уламжлалт харилцаа, МАН-ын талаар танилцуулж хоёр улсын эрх баригч намуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэл, нөөц боломжийн талаар ярилцлаа. 

Мөн уулзалтаар олон улс, бүс нутгийн нөхцөл байдал, сорилт бэрхшээлүүд, цаашдын чиг хандлага, тэдгээрийн талаарх өөрийн улсын байр суурийн талаар харилцан санал солилцов. Ялангуяа бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг-худалдааны орчин, хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй өнөө цагт улс төрийн эрх баригч хүчнүүдийн авч хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийн талаар төлөөлөгчид Сеймийн гишүүд болон УИХ-ын гишүүд дэлгэрэнгүй байр сууриа танилцууллаа.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Бүгд Найрамдах Польш улсын Иргэний индэр намын Сеймийн гишүүд болон намын удирдлагыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив. Сеймийн гишүүн П.Ближниук, П.Витек нар нам хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нөөц боломж өргөн байгааг тэмдэглээд энэ онд багтаан төлөөлөгчид илгээх боломжийг судлан айлчлалыг хэрэгжүүлэхээр болов.

                



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.