70001921
info@nam.mn
Мэдээ

БНЧУ-ын Парламентын Төлөөлөгчдийн танхимын бүлгийн даргатай уулзав

Админ
2025/03/11

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Бүгд Найрамдах Чех Улсын Иргэний ардчилсан намын дэд дарга бөгөөд Парламентын Төлөөлөгчдийн танхимын олонхын бүлгийн дарга Марек Бендатай 3 дугаар сарын 10-ны өдөр уулзав. Монгол, Чех улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийж буй Төрийн айлчлалын хүрээнд болсон энэхүү уулзалтаар хамтын ажиллагааны олон асуудлаар санал солилцов.

Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нийгэм улс төр, олон улсын нөхцөл байдал хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй өнөө цагт улс төрийн намуудын төлөвшил, чадавх чухлаар тавигдаж буйг дурдаад хоёр улсын эрх баригч намуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэл, нөөц боломжийн талаар ярилцав. Засгийн газрын түвшинд төдийгүй Парламентын бүлэг хооронд, улс төрийн хүчнүүдийн хамтын ажиллагаа түүхэн уламжлалт харилцаат манай хоёр орны хувьд чухал байр суурьтай хэмээн талууд санал нэгдэв. Цаашид харилцан айлчлал хэрэгжүүлэх, туршлага судлах зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиров.

Чех улсын Засгийн газар, тэр дундаа эрх баригч намын зүгээс Чех улсад аж төрдөг монгол иргэдийн нийгмийн хамгаалал болон бусад асуудлыг шийдвэрлэх чиглэлд эрхзүйн таатай орчин бий болгох зэргээр дэмжлэг үзүүлсээр ирсэнд талархал илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд олон улсын нөхцөл байдал, сорилт бэрхшээлүүд, цаашдын чиг хандлага, тэдгээрийн талаарх өөрийн улсын байр суурийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Төлөөлөгчдийн танхимын олонхын бүлгийн дарга Марек Бенда Монгол, Чехийн уламжлалт харилцаа бүхий л салбар чиглэлд амжилттай хөгжиж ирснийг тэмдэглэж дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд болж буй төрийн айлчлалын хүрээнд эрх баригч намын удирдлагатай уулзаж байгаадаа баяртай байна. Цаашид намуудын хамтын ажиллагааны чиглэлд үргэлжлүүлэн анхааран ажиллахаа илэрхийллээ. 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.