Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Ахмадын холбооноос нийслэлийн есөн дүүргийн гишүүн, дэмжигч ахмадуудыг хамруулсан ээлжит уулзалтынхаа 8 дахийг өнөөдөр /2025.03.11/ Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа. Уулзалтад Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар оролцов.
Тэрбээр Хяналтын ерөнхий хорооны зүгээс хийж хэрэгжүүлдэг ажил, УИХ-ын гишүүний хувьд ахалдаг Ажлын хэсгийнхээ талаар болон Ёс зүй, дэгийн байнгын хороонд хамаардаг ажил үүргийн талаар ахмадуудад танилцуулж, тэдний сонирхсон асуултад хариулсан юм.
УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар ажил, туршлагын хувьд улс төрийн намд олон жил ажилласан учраас “Улс төрийн намын хөгжил, чиг хандлага” сэдвээр товч мэдээлэл өгсөн юм. Тэрбээр энэ чиглэлд судалгаа шинжилгээ нэлээд хийдэг бөгөөд докторын зэргээ удахгүй хамгаалахаар төлөвлөжээ.
УИХ-ын гишүүний хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн худалдан авалтын тухай хууль гэсэн хоёр томоохон хуулийн Ажлын хэсгийг ахалдаг байна. Мөн гишүүнээр ажилладаг зарим хуулийн Ажлын хэсгийн талаар мэдээлэл өгч, тэдгээртэй холбоотой санал хүсэлтээ чөлөөтэй ирүүлэх боломжтой гэдгийг ахмадуудад хэллээ.
Мөн УИХ-ын гишүүний хувьд гурилын үнийн өсөлтийг бууруулах ажлын хэсэгт ажиллаж байгаа юм. Өнгөрсөн 2024 оны Цагаан сараар монголчуудын өргөн хэрэглээний гурилын үнэ огцом өссөн бол түүнээс хойш гурилын импортын татварыг тэглэснээр энэ жилийн сар шинийн баяраар гурилын үнэ харьцангуй тогтвортой байгааг статистик мэдээлэлд тулгуурлан танилцуулав.
УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо нь зөвхөн гишүүдийн ирц бүртгэж мэдээлдэг төдий биш төрийн байгууллагуудаас шүүхээс бусад бүх байгууллагад хяналт тавьдаг томоохон цар хүрээтэй ажилладаг байнгын хороо аж.
Уулзалтад оролцсон ахмадууд ёс зүй, хариуцлага алдсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг хуультай болж болох эсэх асуулт, нийслэлээс сонгогдсон гишүүдийг тойрогтоо ажиллах хүсэлт, төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлага сул байгааг, мөн тендерийн хуульд алдаа дутагдал байгаа гэж шүүмжилж байлаа.
Энэ тухайд Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар хариулахдаа “УИХ-ын гишүүнийг чөлөөлдөг гурван л заалт бий. Нас барсан тохиолдолд, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх, шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон үед чөлөөлдөг. Өнөөдөр хэрэгжиж буй хууль эрх зүйн орчин ийм байна. Төрийн албаны зөвлөлийн статусыг өөрчлөх саналтай байдаг. Төрийн албаны зөвлөл улс төрийн нөлөөнд ордог, түүнийг дагасан чадваргүй албан хаагчид бий болдог. Төрийн албаны шалгуур муу байгаатай санал нэг байна” гэв.
УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар ёс суртахууны доройтол, ёс зүй ярихгүйгээр авлига, хүнд суртлыг бууруулах боломжгүй гэж үзэж байгаагийн хувьд удахгүй улсын хэмжээнд бүс бүр дээр төрийн албан хаагчдын чуулга уулзалт болох бөгөөд тэнд ёс зүйн талаар илтгэл тавихаар төлөвлөж байгаагаа онцлов.
Энэхүү уулзалтад Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Ахмадын холбооны тэргүүн Б.Гомбо, Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хорооны дэд дарга, Ес зүйн хорооны дарга А.Баттүшиг нар оролцлоо.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.