70001921
info@nam.mn
Мэдээ

Сар шинийн баярыг угтсан хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа

Админ
2025/02/26

Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар нар намын удирдлага болоод төв аппаратад ажиллаж байсан ахмад гишүүдийн төлөөллийг сар шинийн баярыг тохиолдуулан хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулав.

Мөн Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус намаас Ерөнхийлөгч, Ерөнхий  сайд, УИХ-ын дарга, Засгийн газар, УИХ-ын гишүүн, аймаг, сум, баг, хорооны удирдлагуудаар ажиллаж байсан эрхмүүдийг сар шинийн баярыг угтсан хүндэтгэлийн арга хэмжээнд урьсан юм. Энэхүү арга хэмжээнд  улс төр, нийгмийн хүндтэй алба хашиж явсан намын 200 гаруй гишүүн оролцлоо.


Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арга хэмжээг нээж үг хэлэхдээ улирч буй луу жилд улс төр, улс орон, нийгмийн анхаарлын төвд өрнөсөн гол үйл явдлуудыг онцлов. Тэрбээр өнгөрсөн УИХ-ын сонгууль нь бүсчилсэн хэлбэрээр томсгосон, холимог тогтолцоогоор болж, анх удаагийн 126 гишүүнтэй парламент бүрдэж сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг зоригтой хийж чадсан гэж тодотгов. 

Үүний үр дүнд олон намын, нийгмийн олон төлөөлөлтэй парламент бүрдсэн, сонгуульд ялж олон суудал авсан Монгол Ардын нам улс төрийн бусад намтай хамтарсан Засгийн газар байгуулсан нь улс орны өмнө тулгамдаад буй томоохон асуудлыг шийдвэрлэх, 14 мега төслийг эхлүүлэх боломжтой цаг үе  гэдгийг онцлов.

Мөн орон нутгийн сонгуульд аймаг, сум, дүүрэг, хорооны олонхид Монгол Ардын нам ялалт байгуулан томоохон амжилт гаргасан үйл явдал зэргийг онцлон дурдаад удахгүй болох эх орончдын баярын халуун мэндийг, айлчлан ирж буй "Элдэв эрдэнэт" хэмээх хөхөгчин модон могой жилийн сар шинийн мэндтэй хамтатган дэвшүүллээ.   

Мөн Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар үг хэлэхдээ улс төрийн хүрээнд өрнөсөн онцлох үйл явдал, сонгуулийн үр дүн болоод ирэх намар хийхээр төлөвлөсөн намын XXXI Их хурлын бэлтгэл ажил эхэлсэн тухай дурдлаа. Мөн саяхан тохиосон жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ой, маршал Х.Чойбалсангийн 130 жилийн ойг тэмдэглэн, намын дэргэд “Анхны долоо” нэртэй сан байгуулж хүүхэд залуучуудын дунд тусгаар тогтнол, эх оронч үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд үйл ажиллагаагаа илүү чиглүүлэх болно гэдгийг онцлов.

Мөн намын дэргэдэх Социал Демократ Монголын Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо, УИХ-ын даргаар ажиллаж байсан Д.Дэмбэрэл, намын даргаар ажиллаж байсан Б.Даш-Ёндон нарын хүндтэй эрхмүүд үг хэллээ.









ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.