Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн ажлын албаны удирдлагууд болон МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд иргэд, сонгогч, намын гишүүдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг хүлээн авдаг “Иргэдээ сонсъё” уулзалтын өнөөдрийн /2025.02.24/ дугаарт НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Социал демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны дарга Б.Ану-Үжин оролцов.
Сүхбаатар дүүргийн иргэн Сууц өмчлөгчдийн холбооны талаар санал бодлоо хуваалцаж, орон сууцны цахилгаан шатыг ашиглах, солих стандарт хугацаа, түүнд тавигдах шаардлага зэргийг эргэн харж, энэ талаарх дүрэм журмыг өөрчлөх ёстой гэж үзэж байгаагаа төлөөлөгчид уламжлав. Тэрбээр мөн манай улсад олон жилийн турш улиг болтол шүүмжлэл дагуулсаар ирсэн Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны дүрэм журамд өөрчлөлт, шинэчлэлт хэрэгтэй байгааг онцлов.
Мөн “Иргэдээ сонсъё” уулзалтыг зорьж ирсэн иргэд, сонгогчдын төлөөлөл өсвөр насны охид, эмэгтэйчүүдийн хамгааллын асуудлаар НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн СДМЭХ-ны дарга Б.Ану-Үжинтэй санал солилцлоо.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.