Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөгчид энэ хоёрдугаар сарын 16-19-нд ОХУ-д ажлын айлчлал хийв.
Айлчлалын үеэр Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар "Нэгдсэн Орос" намын дарга, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Д.А.Медведев, тус намын Ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Нэгдүгээр орлогч дарга В.В.Якушев, Төрийн Дум дахь "Нэгдсэн Орос" намын бүлгийн дарга В.А.Васильев, "Нэгдсэн Оросын Залуу Гварди" Бүх Оросын олон нийтийн байгууллагын дарга А.В.Демидов, ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх И.Е.Левитин болон Монгол, Оросын ЗГХК-ын Оросын хэсгийн дарга, Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов нартай уулзаж, хоёр улсын болон хоёр намын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.
Тухайлбал, Халхын голын хамтын ялалтын түүхт 85 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх тавдугаар сард болох Агуу их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын арга хэмжээнд оролцох, Монгол, Оросын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 26 дугаар хуралдааны дүнгийн талаар болон худалдаа, эдийн засаг, зам, тээвэр, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг урагшлуулах талаар хэлэлцэв.
Мөн Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны хооронд чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах зэрэг асуудлаар ярилцав. Талууд Монгол Ардын нам, “Нэгдсэн Орос” намын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, эрчимжүүлэхээр тохиров.
Энэ үеэр Монгол Ардын нам, “Нэгдсэн Орос” намын хооронд 2025-2027 онд өргөн хүрээтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, гүнзгийрүүлэх тухай Протокол болон Социал демократ Монголын Залуучуудын Холбоо болон "Нэгдсэн Оросын Залуу гварди" Бүх Оросын олон нийтийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг байгуулав.
Түүнчлэн Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар ОХУ дахь монгол оюутны холбоо болон тус улсад сурч, амьдарч байгаа оюутан, залуустай тусгайлсан уулзалт хийв.
Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, У.Отгонбаяр, Д.Рэгдэл, Монгол Ардын намын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, Хэвлэл мэдээллийн газрын дарга Г.Баярхүү, Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл нарын төлөөлөгчид оролцлоо.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.