Энэ удаагийн /2025.02.21/ “Иргэдээ сонсъё” уулзалтад УИХ-ын гишүүн Б.Хэрлэн оролцож иргэд, сонгогч, намын гишүүдийн төлөөлөлтэй уулзан санал хүсэлтийг нь хүлээн авлаа. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд олон жил ажилласан, гавьяат эдийн засагч Н.Аюуш салбарынхаа талаар санал бодлоо хуваалцав.
Тэрбээр үйлдвэрлэлийн орчин дахь хөдөлмөрийн хөлсний зохицуулалтыг эргэн харах хэрэгтэй гэж үзэж байгаа аж. Мөн гадаадаас ажиллах хүч авах нь оновчтой биш, харин өвчтөнөө асарч буй, хүүхдээ харж байгаа, эсвэл өөрөө өвчтэй иргэдийнхээ ажил хийхгүй байгаа шалтгааныг арилгаж тэднийгээ ажиллах боломжоор хангах нь зүйтэй гэсэн саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Хэрлэнгийн хувьд нийгмийн хамгаалал, хөдөлмөр, цалин хөлсний талаар хэлэлцүүлэг, хуулийн төсөл дээр ажиллах явцдаа гавьяат эдийн засагч Н.Аюуштай хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлэв.
Уулзалтыг зорьж ирсэн иргэн Г.Лхамсүрэн өмнө нь асуудлаа холбогдох хүмүүст тавьдаг байсан ч энэ удаад УИХ-ын гишүүнтэй анх удаа уулзаж санал хүсэлтээ хэлж байгаа аж.
Тэрбээр нийгэмд, ажлын байранд гадуурхалт, хүнд суртал их байгаа учраас ажилд орсон ч удалгүй гарчихдаг гэдгээ учирлав. Гэхдээ нөгөө талаар тогтвортой ажиллаж чадахгүй байгаа тул өөрийн ур чадварыг дээшлүүлэх, ахиулахаар сургалтад хамрагддаг гэнэ.
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн иргэн Г.Лхамсүрэнд хандан өөрт тохирсон ажлаа олж хийгээд, амьдралын төлөөх өнөөдрийн идэвхтэй хандлагаа цаашид хаяхгүй, илүү тууштай байхыг захив.
Мөн иргэн Д.Гэрэлтуяа төрийн өмчийн болон хувийн сургууль, цэцэрлэгүүдийн хувьсах зардал, үдийн хоол, цайны төлбөрийн ялгаатай байдлыг арилгах талаар санал хүсэлтээ уламжлав.
Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн ажлын албаны удирдлагууд болон УИХ-ын гишүүд оролцон иргэд, сонгогч, олон нийт, намын гишүүдийн санал хүсэлтийг хүлээн авдаг “Иргэдээ сонсъё” уулзалт тогтмол үргэлжилж байна.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.