Монгол Ардын намын төв байр Тусгаар тогтнолын ордонд тогтмол зохион байгуулагдаж буй “Иргэдээ сонсъё” өнөөдрийн /2025.02.14/ уулзалтад УИХ-ын гишүүн А.Ариунзаяа оролцов. Тэрбээр иргэдийн санал, хүсэлтийг сонсож, УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэсэн юм.
Олон иргэд тулгамдсан асуудлаа илэрхийлэх, санал солилцох, хамтын ажиллагааны дэмжлэг хүсэхээр зорин ирсэн байна. Түүний дотор Гүнцэг үндэсний идээ, ундааг үйлдвэрлэгчид болон Тугалчин хүү брэндийн үүсгэн байгуулагчид хүрэлцэн ирж, үндэсний уламжлал шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар танилцуулж, цаашид жижиг, дунд бизнесээ өргөтгөх, олон нийтэд сурталчлан таниулах, хөнгөлөлттэй зээл тусламжид хамрагдах талаар дэмжлэг хүсэж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн тэд татварын эрх зүйн орчныг сайжруулж, бизнес эрхлэгчдийн нуруун дээрх ачааг хөнгөлж өгөхийг учирлав.
СУИС-ийг анхны эмэгтэй хөөмийчөөр төгссөн, урлаг судлаач Ч.Баяржаргал соёлын чухал өв болсон хөөмий, исгэрээг хойч үедээ өвлүүлэх, үндсэн уламжлалаар нь хадгалж үлдэх, боловсролын хөтөлбөрт тусгах замаар нийтэд түгээн дэлгэрүүлэх тал дээр нийгмийн бүх шатанд анхаарах цаг болсныг онцлоод УИХ-ын эмэгтэй гишүүний хувьд уг асуудалд чухлаар хандаж ажиллахыг хүссэн юм.
Уулзалтад хүрэлцэн ирсэн бусад иргэдийн зүгээс ажлын байр, хөдөлмөр зуучлалын үйл ажиллагааг улам чанаржуулах, нярайн эндэгдлийг бууруулах, жирэмсэн эмэгтэйчүүдийн ажлын цагийг уян хатан зохицуулах талаар хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтийг хангуулах, жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах зэрэг олон саналыг ирүүллээ.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа иргэдийн хүсэлт бүртэй нэг бүрчлэн танилцаж, сонсож, шийдвэрлэх боломжтой гарц, гаргалгааг нь тайлбарлаж өгөв. Түүнчлэн санал, хүсэлт, асуудлыг шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудад нь уламжилж, шийдвэрлэлтийн талаар эргэн мэдэгдэхээ илэрхийлэв.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.