Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатараар ахлуулсан баг УИХ болон Засгийн газрын үйл ажиллагаа, батлагдсан хууль, тогтоомж бусад холбогдолтой мэдээллийг хүргэж нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахаар Дорноговь аймагт ажиллав.
Тус багт УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Ж.Галбадрах, Б.Уянга болон намын бусад удирдах албаныхан багтаж байгаа бөгөөд ажлын хэсэг Дорноговь аймгийн иргэдтэй уулзав. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хийж хэрэгжүүлэх томоохон хөгжлийн төслүүдийн талаарх мэдээллийг нэгтгэн Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар дорноговьчуудад танилцуулсан юм.
Мөн УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны цаг үеийн мэдээлэл, батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой мэдээллийг УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан иргэдэд танилцууллаа.
Иргэдийн зүгээс өөрсдийн өдөр тутмын амьдрал, төрийн үйлчилгээтэй холбоотой тулгамдаж буй асуудал, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжих Монгол, Францын уран олборлохтой холбоотой иргэдийн санааг зовоож байгаа хэд хэдэн асуудлаар УИХ-ын гишүүдээс асуулт асууж, хариулт мэдээллээ авсан юм.
Сүүлийн жилүүдэд Дорноговь аймагт тодорхой хөгжил дэвшил, бүтээн байгуулалтууд хийгдэж байгаа, мөн боловсрол, эрүүл мэндийн салбарт гарч байгаа дэвшилтэт онцгой өөрчлөлт, сайн үр дүнгүүдийг ч аймгийн иргэд талархан ярьж байлаа.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.