70001921
info@nam.mn
Мэдээ

Түүхийн олимпиадад 9 дүүрэг, 21 аймгийн сурагчид оролцож байна

Админ
2025/02/08

Тусгаар тогтнолын ордон руу бямба гарагийн өглөө эртлэн сурагчдын цуваа хөвөрнө. Тэд бол Монголын түүхийн олимпиадад оролцохоор нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 сум, хороодоос ирсэн ерөнхий боловсролын сургуулийн 11,12 дугаар ангийн сурагчид юм.

Энэ олимпиадыг их Жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ойг тохиолдуулан Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулж байгаа билээ. Монголын түүхийн олимпиадыг зарласнаас хойш маш олон сурагч цахимаар бүртгүүлсэн бөгөөд эхний 1071 хүүхдээр бүртгэлийг хаажээ.

Олимпиадыг зохион байгуулагчдын зүгээс өглөө эртлэн сурагчдын нэрийн үсгийн дарааллаар мандатаа хуваарилж, танхим, суудлын дугаар гээд цэгцтэй бэлтгэн олимпиадын хүүхдүүдээ хүлээн авч, гурван танхимд байрлуулав. Сурагчид түүхийн ном, дэвтрээс хичээлээ бататган уншиж, зарим нь суут жанжны ойд зориулсан олимпиадад Монгол дээл хувцастайгаа хүндэтгэн иржээ. Сурагчдыг бэлтгэсэн багш, эцэг эхчүүдийн төлөөлөл ч олимпиад болох байранд олноор цугласан байв.

Олимпиадын танхимд СДМЗХ-ны 60 гаруй зохион байгуулагч, чиглүүлэгч ажиллаж байгаа бөгөөд тэд олимпиад эхлэхийн өмнө заавар, зөвлөгөөг сайтар өгч байлаа. 

Олимпиадыг СДМЗХ, МУБИС-ийн түүх, нийгмийн багш нартай хамтран мэргэжлийн хэмжээнд, дэг журамтай зохион байгуулж байгааг СДМЗХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн дарга Б.Галсан нээлтийн үгэндээ онцлов.

Олимпиадын эхний шалгаруулалт 50 минут үргэлжлэх бөгөөд нийт 1000 хүүхдээс ахисан түвшинд 50 орчим сурагч шалгарах юм.  Эхний хэсгээс шалгарсан шилдэг 50 сурагч эсээ бичлэгийн төрлөөр өрсөлдөх бөгөөд тэднээс эхний байрын сурагчид тодорно.

Монголын түүхийн олимпиадын эхний шалгаруулалтын дараа сурагчид дүн гарахыг хүлээх хугацаагаа ашиглан SDYCalling you event-д оролцож “Бүтээмжийн 3 шилжилт, хиймэл оюун ухаан, өндөр технологийн шилжилт” сэдвээр УИХ-ын гишүүн О.Батнайрамдалын мэдээллийг сонссон юм.

Ингээд маргааш буюу 2025.02.09-нд шилдэгт шалгарсан сурагчид болон тэднийг бэлтгэсэн мэргэжлийн багш нарт шагнал гардуулснаар тус олимпиадыг албан ёсоор хаана.














ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.